В.Путин Хятадтай байгалийн хийн гэрээ байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.10.13-нд нийтлэгдсэн

В.Путин Хятадтай байгалийн хийн гэрээ байгуулна

ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин Хятадтай нэг их наяд ам.долларын гэрээ байгуулах болсноо мэдэгдлээ.
"Байгалийн хийн гэрээ байгуулах асуудал ид яригдаж байна” гэж В.Путин Хятадын Ерөнхий сайд Вен Жябаотой хамтарсан мэдэгдэл хийхдээ сэтгүүлчдэд хэлсэн гэнэ. В.Путин өнгөрсөн мягмар гаригт хоёр өдрийн айлчлал хийхээр Хятадад очсон юм. Тэрбээр өчигдөр Хятадын дарга Ху Жинтао болон дээд албан тушаалтнуудтай уулзсан байна. ОХУ, Хятад байгалийн хийн гэрээ байгуулахаар жилийн өмнөөс хэлэлцээр хийж эхэлсэн боловч үнийн асуудал дээр тохиролцож чадахгүй байсан. Хэрэв хоёр тал тохиролцоонд хүрч чадвал ОХУ жил бүр Хятадад 68 тэрбум куб метр байгалийн хий нийлүүлэх  ажээ.

"Байгалийн хийн гэрээ хоёр орны худалдааны хэмжээг эрс өсгөж, үүний үр дүнд эдийн засгийн хамтын ажиллагаанд  эерэг өөрчлөлтүүд гарч ирнэ” гэж  Фудан их сургуулийн Төв Ази, Орос судлалын төвийн тэргүүн Жао Хуашин ярьсан байна.

Эдийн засаг эрчим хүчний салбарт хамтран ажилласнаар  их гүрнүүд стратегийн түншүүд болох ирээдүй бий гэж тэрбээр онцолсон гэнэ. Хятадын худалдааны яамнаас мэдээлснээр өнгөрсөн долдугаар сард хоёр орны гадаад худалдаа 37,4 хувиар буюу 42.2 тэрбум ам.долларт хүрчээ. 2011 онд гадаад худалдааны хэмжээ 70 тэрбум ам.долларт хүрнэ гэж Хятадын статитикчид үзэж байна.

"ОХУ, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрсэн” гэж В.Путин Хятадын “Синьхуа” агентлагт ярилцлага өгөхдөө хэлсэн гэнэ.  Гэвч эрчим хүчний хамгийн том  экспортлогч ОХУ, хамгийн том хэрэглэгч Хятад хоёр эрчим хүчний салбарт одоо болтол зөвшилцөлд хүрээгүй байгаа билээ.

В.Путинтай хамт ОХУ-ын 160 гаруй бизнесменүүд болон “Газпром”, “Роснефть” зэрэг эрчим хүчний аварга компаниудын төлөөлөгчид Хятадад очсон байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Хятадын Дакинг мужаас ОХУ-ын Сковородино хүртэл газрын тосны дамжуулах хоолой барих ажлыг эхлүүлсэн. 1000 км урт дамжуулах хоолойгоор Хятадад жил бүр 15 сая тонн метр газрын тос нийлүүлэх юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж