
Дарга нь ийнхүү хариулсан бол бүлгийн гишүүд нь харилцан адилгүй саналтай байгаагаа өчигдөр хэлсэн юм. Ардчилсан намын бүлгийн гишүүдээс “Ардын намын саналыг хүлээж авах уу. Саналыг нь хүлээж авах гэж байгаа гэсэн яриа байна” гэж асуухад Л.Гантөмөр гишүүн “Би 38:38 гэсэн хувилбар дээрээ хатуу зогсоно гэдгээ хэлсэн. Манай намын зарим гишүүн “Ардын намын 48:28 гэсэн саналыг хүлээж авъя” гээд байгаа юм шиг байна. Би бол энэ саналыг нь дэмжихгүй” гэлээ. Тэрбээр өнөөдөр болох бүлгийн хуралдаан дээр Ардын намынхны саналын эсрэг гар өргөх Ардчилсан намын гишүүдийн нэг болох нь. Харин УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Одоогоор манай намын бүлэг 38:38 гэсэн хувилбар дээрээ байгаа гэж би ойлгож байна. Бид Ардын намынхны саналыг сонссон. Гэхдээ бүлгийн хурлаар санал хураагаагүй байгаа. Маргааш /өнөөдөр/ энэ талаар ярина. Тэрнээс өмнө хэд, хэдэн зүйлийг тодруулах шаардлагатай байна гэж ярилцсан байсан юм. Бодит байдал ийм байгаа. Нэг хуулиас болж ингэж удаад баймааргүй байна. Зөвшилцөлд хүрэх цаг болсон. Уг нь пропорциональ нь давамгайлсан бол Монгол Улсад хэрэгтэй байсан юм” гэлээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг “Тоо нэг их чухал биш. Үүнээс чухал асуудал олон бий. Зарчмын чанартай тодруулбал, сонгуулийг хэрхэн маргаангүй явуулах, хуулиа хэрхэн дагаж мөрддөг болох, сонгуулийн үйл явцад яаж хяналт тавих вэ гэдэг асуудлууд л байна. Миний хувьд хоёр намын бүлэг тохиролцоонд хүрэхгүй бол хуучин сонгуулийн тогтолцоогоороо явна гэж бодож байгаа шүү дээ” гэлээ.
"Улс төрийн тойм" сонин
