Хулгайгаар мод тээвэрлэгчид цагаандаа гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.10.13-нд нийтлэгдсэн

Хулгайгаар мод тээвэрлэгчид цагаандаа гарчээ

Нийслэл рүү хулгайн мод оруулж ирсээр л байна. Дүүрэн мод ачсан, бүрэн хамгаалалт бүхий ачааны машинууд хотын захын хорооллуудаар өдөр бүр хулгайн модны тээвэрлэлт хийх нь энгийн үзэгдэл болжээ. Эхлээд шөнийн цагаар оруулдаг байсан бол сүүлдээ гэгээн цагаан өдрөөр оруулах болсон. Манайхан цэрэг даргагүй дур мэдэн хэдэн бор юмны төлөө улаан нүүрээ улалзуулан байж янз бүрийн арга сүвэгчлэн ой  модоо огтлох нь ийнхүү зөвшөөрөгдсөн үзэгдэл мэт. Хулгайн модыг хотоос зайтай хөдөө хээрийн ойгоос бэлтгээд, хашаандаа хурааж байгаад хотын “тусгай хамгаалалттай” эрх бүхий хүмүүстэй хамтран хот руу ядах юмгүй оруулж, хэд хэдэн модны зах дээр  борлуулан өөрийн хувийг аваад гэрийн зүг явдаг аж. Нэг удаагийн тээвэрлэлтээс 500-700 мянган төгрөг “хөнгөхөн” олдог  гэсэн. Мэдээж энэ бол цэвэр ашиг.

За тэр ч яах вэ. Эдгээр модны наймаачдыг хэн хот руу том толгойлж нэвтрүүлээд байна гэдэг л чухал аж. Хууль бусаар мод тайрах нь хуулийн өмнө хариуцлага хүлээх ёстой гэдгийг мэдсээр байж ийм үйлдэл хийж байгаа нь ямар учиртай юм бол. Тэр ч бүү хэл Улаанбаатарт орж ирж байх замдаа таарсан шалганы цагдаа нарыг хахуульдаад аргалчихдаг аргатай болсон байх юм. Нарийн тодруулбал, Төв аймгийн нэгэн суманд 300 гаруй иргэд амьдарч байна гэж бодьё. Бараг л айл болгон микроавтобус, портертой аж. Жилийн дөрвөн улиралд ойр хавийн уулын модыг түүж дуусгадаг. Хоорондоо ярьж байгаад “За энэ жил энэ уулын модыг, дараа жил тэр уулын модыг” гэх мэтээр хот руу зөөнө. Өдөрт сайн ажиллах юм бол хоёр портер мод. Модоо унагаж, яг уулын мод руу орох хэсгийн захад бэлдэж тавина. Тэгээд гэр рүүгээ холбогдож энд тэнд шалгалтынхан ирсэн үгүйг мэдээд сайн баглаж аваад зөөж эхэлнэ. Ингээд л гэрийнхээ хашаанд авчраад долоо хоног хатаана. Дараа нь хотоос нийслэл рүү оруулах хүмүүс нь ирж, модыг нь тоолж, үнэ мөнгөө тохирно. Тэгээд хотын зүг хэд хэдэн том машинтай өнөөх хүмүүстэйгээ хөдөлнө. Ингэснээр Улаанбаатар хотын 22-ийн болон Баянзүрхийн гэх мэт хот руу орох товчоон дээр гол найраа явагдана. Нэгэнт холбогдох хүнтэй үнэ мөнгөө тохироод өгөлцөж, авалцчихсан юм чинь санаа зовох зүйлгүй модны зах дээр ирж модны ченжүүдэд зарна.

Эдгээр модоор ихэвчлэн та бидний байшин барьдаг банзуудыг төрөл төрлөөр нь хийнэ дээ. Улаанбаатар хотод худалдаалагдаж буй банз, модон эдлэлүүдийн эх үүсвэр нь энэ. Нэг хэсэг нь мод тарьж байгаль экологийн асуудалд санаа зовсоор байхад нөгөө хэсэг нь бие биетэйгээ сүлбэлдээд модны наймааг иймэрхүү байдалтай хийж байна. Мод тарих нь тасдахаасаа хэцүү, бас удаан гэдгийг ойлгодоггүй хүмүүс л энэ мэт увайгүй үйлдэл хийж байгаа нь харамсалтай. Мөн эдгээр модны наймааг илрүүлэн хээл хахуульд идэгдэлгүй ажлаа үнэнч шудрага хийсэн зарим байцаагч нарыг магтууштай. Гэвч улсын мэдэлд очсон модыг дахин тарих боломжгүй зүйл гэдгийг иргэд анхнаасаа л ойлгохгүй байгаа нь шүүмжлэлтэй. Амьдралаа залгуулах төдийгөөр сайхан уул, ус, газар шороо, ургамал модоо үнэлээд байхад үр хүүхэд, ач зээ нартаа тэр чигээр нь үлдээх сэтгэлийн талаар яриад ч хэрэггүй байх. Модыг нь аваад цагдаа, байцаагч нартай хуйвалдаад хот руу оруулж ирж байгаа хүн ч гэсэн эрх мэдлээ урвуулан ашигласныхаа төлөө ямар ч ял зэм хүлээхгүй. Энэ талаар нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн албанаас тодруулсан юм. Тэдний мэдэгдэж буйгаар зөвхөн Баянзүрх дүүрэгт гэхэд жилдээ 10-15 машин мод улсын мэдэлд хураан авдаг аж. Тэгээд хулгайн мод тээвэрлэсэн жолооч нарыг мөнгөн торгуулиар торгоод явуулдаг байна. Зөвхөн Баянзүрх дүүрэгт ийм байхад бусад хот руу орж ирж байгаа модны хулгайчдын хэдийг баривчилж, шийтгэсэн болж аяддаг талаар ярих нь илүүц биз.    

Б.Баатар /Сэтгүүлч/

“Улс төрийн тойм” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж