Нийслэлчүүдийн эрх ашгийг хамгаалах клуб байгууллаа

Хуучирсан мэдээ: 2011.10.13-нд нийтлэгдсэн

Нийслэлчүүдийн эрх ашгийг хамгаалах клуб байгууллаа

Улаанбаатар  хотын иргэд бид Үндсэн хуулийн хүрээнд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Улаанбаатар хотын иргэд бид бусдын адил сонгох, сонгогдох эрхтэй. Улаанбаатарчууд бид утаагаар амьсгалж, түгжрэлд бухимдаж,  эмх замбараагүй байдал, гэмт хэргийн золиос болох ёсгүй.

Өнөөдөр хүн амын талаас илүү хувь нь Улаанбаатар хотод амьдарч байхад УИХ-д нийслэлчүүдийн төлөөлөл дөнгөж 30 орчим хувь байна. Энэ нь Улаанбаатарчуудын сонгох, сонгогдох эрхэнд халдсан бүдүүлэг үйлдэл төдийгүй Улаанбаатарын утаа арилахгүй, түгжрэл багасахгүй, ажилгүйдэл, ядуурал буурахгүй байгаагийн нэг том шалтгаан болж байна. УИХ-д Улаанбаатараас сонгогдсон нэг гишүүн дунжаар 40 мянган хүнийг төлөөлж байхад хөдөө, орон нутгаас сонгогдсон нэг гишүүн  ойролцоогоор 10 мянган хүнийг төлөөлдөг. Сонгуулийн системийн энэхүү гаж зохицуулалтаас болж эцсийн дүндээ ямаанд хайртай гишүүдийн тоо ихэсч иргэдээ гэсэн төрийн бодлого дутагдсаар ирлээ гэж Нийслэлийн Ардчилсан хүчний холбооныхон үзэж байна. Тиймээс тус холбооныхон нийслэлчүүдийн эрх ашгийг хамгаалах, УИХ-дах Улаанбаатарчуудын төлөөллийн тоог нэмэгдүүлэх зорилгоор “Миний Улаанбаатар” клубийг байгуулжээ. Клубынхэн маргааш 12.00 цагт УИХ дахь Улаанбаатарын төлөөллийн тоог нэмэгдүүлэх зорилгоор цуглаан зохион байгуулах юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж