“Олимпод оролцоно гэдэгтээ итгэлтэй байна”

Хуучирсан мэдээ: 2011.10.13-нд нийтлэгдсэн

“Олимпод оролцоно гэдэгтээ итгэлтэй байна”

ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Дмитрий Петрович Коркиний нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээнд манай улсын тамирчид тогтмол оролцдог билээ. Тэгвэл уг тэмцээний анхны алтан медалийг хүртсэн залуу тамирчин Э.Бэхбаяртай цөөн хором ярилцлаа. Тэрээр “Mongolian open” тэмцээнд дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Наранбаатарыг ялж, спорт сонирхогчдын анхааралд өртсөн юм.

-Юуны өмнө Коркиний нэрэмжит тэмцээний анхны алтан медалийг авсанд баяр хүргэе. Тэмцээнийхээ талаар товч сонирхуулбал?

-Тэмцээн нэлээд ширүүн боллоо. Чөлөөт бөхөөр дэлхийд тэргүүлдэг орны тамирчид оролцсон гэдэг утгаараа өрсөлдөөн ихтэй байсан. Энэ өрсөлдөөн дундаас алтан медаль авсандаа баяртай байна.

-Аваргын алтан медалийн төлөө нутгийнхаа ахтай барилдсан. Сэтгэлзүйн хувьд хэр бэлтгэлтэй байсан бэ. Өмнө нь хоёр удаа ялагдсан байдаг шүү дээ?

 -Б.Цогтбаатар ахтай нэлээд зоригтой барилдсан шүү. Ялбал алтан медаль гэж бодоод давшсан. Өмнө нь хоёр ч удаа ялагдаж байсан болохоор өөрийгөө их хурцалсан. Түүнийхээ хүчинд хожиж чадлаа. Ямар ч байсан энэ тэмцээнд би өөрийнхөө санасан барилдаануудаа гаргаж чадсандаа баяртай байна. Коркиний нэрэмжит барилдаанд хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Б.Цогтбаатар ах байсан. Өмнө нь Цогоо ахтай барилдахаар яагаад ч юм зугатаад санаснаа хийж чаддаггүй байсныгаа эрс өөрчилсөн.

-“Mongolian open”-оос хойш олон улсын тэмцээнд хэр идэвхтэй оролцов?

-Ер нь их оролцож байгаа шүү. Тэмцээнд их оролцохын хэрээр барилдааны туршлага сууж, медалийн чанар ахидаг юм билээ. Миний хувьд хэд хэдэн тэмцээнд оролцож медаль хүртсэн.

-А.Энхээ гавьяатын шавь гэдгийг тань спорт сонирхогчид мэддэг болсон. Багш хэр хатуу байна вэ?

-/Инээв/. Гайгүй шүү. Манай А.Энхээ багшаас гадна гавьяат тамирчин О.Пүрэвбаатар багш намайг болон Сонгинохайрхан дүүргийн тамирчдыг дасгалжуулдаг. Тэднээр заалгаад бэлтгэл хийхэд урамтай байдаг юм. Дасгалжуулагч нар хааяа загнаж, бухимдах үе гардаг ч тэр бүхэн миний төлөө байдаг болохоор дасчихсан.

-Хэзээ олимпийн дэвжээнд барилдаж байх бол гэсэн бодол төрдөг үү?

-Тийм шүү. Би бодохдоо тамирчин болж төрсөн хүн бүр олимпийн наадамд оролцох юмсан гэж мөрөөддөг байх. Гэтэл олимпийн наадамд оролцоно гэдэг тийм ч амар биш. Маш хүнд хэцүү шалгууруудыг давна. Оролцох эрхээ авчихвал медаль хүртчих юмсан, медаль хүртсэний дараа Э.Бадар-Ууган, Н.Түвшинбаяр ах нар шиг олимпийн аварга болчихвол сайхан даа гээд л хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй шүү дээ. Би өөрийгөө удахгүй олимпод оролцож, медаль хүртэнэ гэдэгтээ итгэлтэй байгаа.

-Сүүлийн асуултыг өөрт тань үлдээе?

-Баярлалаа. Энэ завшааныг ашиглаад намайг энэ спортоор амжилт гаргахад үргэлж дэмжиж, тусалдаг гэр бүлийнхэндээ баярласнаа илэрхийлье. Мөн миний амжилтад гол нөлөө үзүүлж, миний аав, ээж шиг түшигтэй байдаг гавьяат тамирчин А.Энхээ, О.Пүрэвбаатар багш нартаа маш их хайртайгаа хэлье.

“Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж