Бразили Оросын хуягт машиныг сонирхож байна

Хуучирсан мэдээ: 2011.10.13-нд нийтлэгдсэн

Бразили Оросын хуягт машиныг сонирхож байна

“Globemaster” онгоцны эхнийх 2013 онд зэвсэглэлд орно

Энэтхэгийн Нисэх хүчин цэргийн тээврийн C-17 Globemaster III онгоцны эхнийхийг нь 2013 оны зургадугаар сард зэвсэглэлд оруулна гэж тус орны Нисэх хүчний командлагч Норман Анил Кумар Браун (Norman Anil Kumar Browne) мэдэгдсэн тухай ZeeNews дамжуулж байна. АНУ-д захиалсан бүх 10 онгоцыг 2014 оны эцэс гэхэд армид бүрэн нийлүүлсэн байна гэж командлагч хэлжээ. Эхний хэдэн онгоцыг зэвсэглэлд авсны дараа Нисэх хүчин дахин зургаан онгоц захиалж магадгүй гэнэ.

Энэтхэгийн Нисэх хүчин эхлээд тээврийн 20 онгоц авахаар төлөвлөсөн байсан ба Засгийн газраасаа 16 онгоц авах зөвшөөрөл авсан байна. Урьдчилан тооцоолж байгаагаар нэмж зургаан онгоц авах гэрээг 2013 онд байгуулах гэнэ. Энэ жилийн наймдугаар сард Цэргийн яам “Globemaster” гэх тээврийн онгоц нэмж худалдаж авахгүй гэж Батлан хамгаалахын сайд Аракапармбил Куриан Энтони мэдэгдэж байсан нь сонирхолтой. Энэтхэг тээврийн 10 онгоц нийлүүлэх, 4,1 тэрбум ам.долларын өртөгтэй гэрээг америкчуудтай энэ жилийн зургадугаар сард байгуулсан. Гэрээний дагуу Энэтхэг С-17 онгоцны газрын үйлчилгээний төхөөрөмжийг авах юм. Шинэ онгоцнуудаар хуучирсэн Ил-76 онгоцнуудыг аажмаар солих ажээ. Одоо Энэтхэгийн нисэх хүчин 25 ширхэг Ил-76 онгоц ашиглаж байна.

126 сөнөөгч нийлүүлэх тендерийн ялагч удалгүй тодорно

Энэтхэг улс энэ сар­даа багтаан тус ор­ны Нисэх хүчинд 126 сө­нөөгч онгоц нийлүүлэх тендерийн эцсийн дүнг гаргана. Тус орны түүхэнд томоохон бо­лох энэ олон улсын өрсөлдөөний үнэ нь 10,4 тэрбум ам.доллар болж байна.

““Еврофайтер” ба “Рафаль” онгоцнуудыг нийлүүлэх арилжааны саналуудыг авч хэлэлцэх бэлтгэл ажил дууссан учраас саналуудыг албан ёсоор ойрын өдрүүдэд авч үзнэ” хэмээн Батлан хамгаалах яамны нэрээ нууцалсан эх сурвалж хэлжээ.
2007 онд зарласан тендерт эхлээд Оросын МиГ-35, Шведийн “Грипен”, “Еврофайтер Тайфун”, Францын “Рафаль”, Америкийн F/A-18 ба F-16 зэрэг зургаан онгоц бүтээгч оролцсон юм. Энэ жилийн дөрөвдүгээр сард МиГ-35, Америкийн хоёр сөнөөгч, “Грипен” тендерээс хасагдаж гэрээний төлөөх өрсөлдөөнд “Еврофайтер Тайфун” болон “Рафаль” үлджээ. Тендерийн нөхцлөөр ялагч нь гэрээний 50 хувийг Энэтхэгт угсрах үйлдвэрлэлд хөрөнгө оруулах ёстой. Эхний 18 сөнөөгчийг гадаадаас оруулж үлсэн 108 онгоцыг Энэтхэгийн нисэхийн “Hindustan Aeronautics Ltd” (HAL) компанийн үйлдвэрт угсрах юм.

“Тигр” машины шинэ загварыг бэлтгэжээ

Оросын Батлан хамгаа­лах яамны захиалгаар Ар­замас хотын машины үйлдвэрт хуяг­ласан “Тигр-6А” машины шинэ загвар бүтээлээ гэж заводын сайтаар мэдээлсэн байна.

Үйлдвэрийн мэдээгээр шинэ загварыг СПМ-2 ГАЗ-233036 “Тигр” загварын суурин дээр “пикап” бү­хээг­тэйгээр хий­жээ. Шинэ машины хуяг­лалтыг сайжруулж хаалганы болон доод хэсэг, харах цонхны хуягийг нэмсэн нь багийг мина ба буудлагын зэвсгээс хамгаалах төвшинг нэмэгдүүлсэн байна. Мөн машины хөдөлгүүрийн хамгаалалтыг нэмжээ. Бүх шилнийх нь сум даах чадварыг “5”-аас “6А” болгосон байв. Одоо шинэ загварыг туршилтад оруулах бөгөөд дараа нь үйлдвэрийн дамжлагаар угсарч эхлэх ажээ.

Арзамасын машины үйлдвэр “Барс” машиныг 2005 оноос хойш гаргаж эхэлсэн. Машин 140 км/цагийн хурдтай, есөн хүн буюу 1,2 тонн ачаа тээнэ. Машинаас тусгай зориулалтын цонхууд болон дээврийн цонхоор гал нээж болох гэнэ. Одоо уг машиныг СПМ-1, СПМ-2, штабын удирдлагын Р-145БМА, нийтийн хэв журам сахиулах зориулалтын болон тээврийн ВПК-23314 “Тигр-М” гэх хэд хэдэн хувилбараар үйлдвэрлэж байна. Оросын зах зээлээс гадна “Тигр” худалдан авах сонирхлоо Бразили, Иордани, Израиль зэрэг орнууд гаргаж байгаа ажээ.

Rafael ПДХС-ийнхээ үр дүнг тайлагнав

Израилийн пуужингийн дов­толгооноос хамгаалах “Төмөр дээвэр” (Iron Dome)  систем нь байгаа барих магадлал нь 90-ээс дээш хувь болж байгааг “Jane’s” сонинд пуужингийн “Rafael Advanced Defense Systems” цогцолборыг бүтээгч компанийн төлөөлөгч ярьсан байна. Компанийнхны хэлж буйгаар Израилийн ПДХС-ийн батарейнууд аюулыг 100 хувь илрүүлэх чадвартай. Байлдааны нөхцөлд батарейг турших үеэр ийм үзүүлэлт гаргажээ.

Сүүлийн үед Израилийн ПДХС-ийн батарейнууд арабчуудын харвасан 20 гаруй пуужинг угтан сөнөөсөн. Зэрэг харвасан пуужингуудыг устгахдаа уг цогцолборын үзүүлэлт муу байгаа нь тэдний тоо хэтэрхий цөөнөөс үүдэлтэй гэнэ. Тухайлбал, Израилийн өмнөд нутгийн гурван том хотыг хамгаалахад Ашкелон хотын ойролцоо байрлуулсан дөнгөж хоёрхон батарей хэрэглэж байна.

“Төмөр дээврийн” батарейнуудыг байрлуулахад Газын зурвасаас харваж байгаа арабуудын пуужин хүчин түлхээс болов. Анхны батарейг нь Ашкелоны ойролцоо наймдугаар сарын 7-нд, хоёрдугаар батарейг наймдугаар сарын 21-нд, гуравдугаар батарейг наймдугаар сарын 31-нд Ашдод хотын ойролцоо тус тус байлдааны байдалд оруулжээ. 

Израилийн Батлан хамгаалах яамны сайд Эхуд Барак хэлснээр хоёр жилийн дотор орон даяар нь “Төмөр дээврийн” есөн цогцолбор байрлалд тавигдсан байна. Энэ цогцолбор нь удирдлагын төв, радар ба тус бүр 20 пуужинтай гурван төхөөрөмжөөс бүрэлддэг. Систем нь 70 км-ийн радиуст тусгалтай пуужингуудыг угтан сөнөөх чадвартай.Үүний хажуугаар эсрэг талын пуужин хаана унасныг тодорхойлоод тэр нь эзгүй газар унахаар бол устгах тушаалаа зогсоодог гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж