Энхийг сахиулагчдад төрийн дээд шагнал гардуулав

Хуучирсан мэдээ: 2011.10.13-нд нийтлэгдсэн

Энхийг сахиулагчдад төрийн дээд шагнал гардуулав

Афганистан улсад явагдаж байгаа “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн баг болон Африкийн Судан улсад үүрэг гүйцэтгэсэн НҮБ-ын стандартад нийцсэн II шатны цэргийн хээрийн эмнэлгийн багийн бие бүрэлдэхүүнд төрийн дээд одон медаль гардуулах ёслолын арга хэмжээ өчигдөр  Офицеруудын ордонд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны одон”-гоор II шатны цэргийн хээрийн эмнэлгийн багийн ахлагч Т.Сүхбаатарыг шагнасан юм. Арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л. Болд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн З.Алтай, ЗХЖШ-ын дарга Ц. Бямбажав, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, хурандаа Ш.Сүхбаатар болон БХЯ, ЗХЖШ-ын удирдах бүрэлдэхүүн, энхийг сахиулагчдын ар гэр оролцлоо. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн оролцож эхэлснээс хойш нэлээдгүй хугацааг ардаа үдээд байгаа энэ л үед манай улсаас анх удаагаа цэргийн эмч нараас бүрдсэн цэргийн хээрийн хөдөлгөөнт эмнэлэг Судан улсын Эль Фашер хотоос баруун хойш Кабкабия дахь НҮБ-ын баазад байрлан үүрэг гүйцэтгэсэн нь цэцэн буу, эмчийн чагнуураа хэзээд хамттайг нотолсон Зэвсэгт хүчний түүхэн дэх нэгэн шинэ хуудас нээсэн үйл явдал билээ.  Тус 2-р шатны эмнэлгийн бие бүрэлдэхүүн нь хүлээн авах, мэс засал, гэмтлийн, эрчимт эмчилгээний, яаралтай тусламжийн, шүдний тасаг, эмийн сан, эмнэлгийн татан гаргалтын бүлэг, хангалт үйлчилгээний гэсэн бүтэцтэйгээр НҮБ-ын цэргийн албан хаагч, иргэний цагдаагийн албан хаагч, цэргийн ажиглагч, штабын ажилтнууд, НҮБ-ын сайн дурын ажилтнууд, түүнчлэн хариуцлагын бүсэд оршин суугаа энгийн ард иргэд гээд 5000 орчим хүмүүст есөн сарын турш эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн байна. Зэвсэгт хүчний эмнэлгийн баг 2010 оны 12 дугаар сарын 19-нөөс 2011 оны 09 дүгээр сарын 25-ны өдрүүдэд Судан Улсын Дарфур муж дахь НҮБ, Африкийн холбооны хамтарсан “UNAMID” энхийг дэмжих ажиллагаанд оролцож, үүргээ амжилттай гүйцэтгэлээ.

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс анх удаа НҮБ-ын стандартад нийцсэн цэргийн хээрийн II шатны тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай эмнэлгийн баг энэхүү ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн нь онцлог юм.

Судан Улсын Дарфур муж дах “UNAMID” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монголын II шатны эмнэлгийн ажиллагааны өмнөх бэлтгэл, цэргийн багийн эзэмшлийн үндсэн тоног төхөөрөмжийн бэлтгэлжилтийн байдлыг шалгах НҮБ, Африкийн холбооны хамтарсан шалгалтын бүлэг 2010 оны 07 дугаар сарын 15-наас 19-ний хооронд ажиллаж, цэргийн багийн эзэмшлийн үндсэн тоног төхөөрөмжүүдийг шалган, ажиллагааны шаардлагыг хангаж байгаа тул Судан Улсын Дарфур мужид явагдаж буй НҮБ, Африкийн холбооны хамтарсан “UNAMID” ажиллагаанд Монгол Улсын хоёрдугаар шатны эмнэлгийг оролцуулах боломжтой гэж дүгнэсэн юм.

Цэргийн багийн эмч, сувилагч энгийн олон хүнийг цэргийн анхан шатны бэлтгэл, цэргийн ерөнхий бэлтгэлд сургаж, гадаад хэл, офицер, ахлагчийн дамжаанд тусгайлан бэлтгэсэн нь ажиллагааны өмнөх сургалтын онцлог байсан.

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хоёрдугаар шатны эмнэлгийн I ээлж 2010 оны 12 дугаар сарын 19-нөөс 2011 оны 02 дугаар сарын 06-нд ажиллагааны газар орон Судан Улсын Дарфур мужийн засаг захиргааны төв Эль Фашер хот дахь НҮБ, Африкийн холбооны хамтарсан “UNAMID” энхийг дэмжих ажиллагааны “Super camp” дамжин өнгөрүүлэх баазад, 2011 оны 02 дугаар сарын 07-ноос 09 дүгээр сарын 25-нд “UNAMID” ажиллагааны хойд секторын “Кабкабияа” баазад байрлаж “UNAMID” ажиллагааны цэргийн хүчний командлагчийн 2011 оны 03 дугаар сарын 30-ны “Монголын хоёрдугаар шатны эмнэлгийн үйл ажиллагаа явуулах тухай” тушаалын дагуу 2011 оны

09 дүгээр сарын 25 хүртэлх хугацаанд НҮБ-ын хоёрдугаар шатны эмнэлгийн  үүргийг амжилттай гүйцэтгэсэн.

Цэргийн баг үүрэг гүйцэтгэх явцад хоёрдугаар шатны эмнэлгийн ажиллагааны бэлэн байдал, бие бүрэлдэхүүний аюулгүй байдлыг бүрэн хангаж, НҮБ-ын мандатаар хүлээсэн үүргээ мадаггүй биелүүлэх, цэргийн алба хаагчдын цэргийн хэргийн мэдлэг, дадлага, чадварыг нэмэгдүүлж, тэдний нэг бүрээр болон тасаг, бүлгээр ажиллах чадварыг дээшлүүлэх зорилго тавин ажилласан.

Судан Улсын Дарфур мужид явагдаж байгаа НҮБ, Африкийн холбооны хамтарсан “UNAMID” энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хоёрдугаар шатны эмнэлгийн нэгдүгээр ээлж 2010 оны 12 дугаар сарын 19-д ажиллагааны газар оронд ирснээр бие даан үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Цэргийн багийн бүгд 21 офицер, 47 ахлагч  бүгд 68 цэргийн албан хаагчтайгаар үүрэг гүйцэтгэсэн. Цэргийн багт 15 анги, байгууллагын 19 офицер, 22 ахлагч, 27 энгийн ажилтан албан хаагч үүрэг гүйцэтгэсэн бөгөөд нийт бие бүрэлдэхүүний 57 хувь нь НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаа болон олон улсын бусад ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн туршлагатай байлаа.

“UNAMID” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол улсын хоёрдугаар шатны эмнэлэг нь анхан болон хоёр дахь шатны тусламж, яаралтай сэхээн амьдруулах арга хэмжээ, тогтворжуулах арга хэмжээ, амь насны заалтаар яаралтай мэс засал хийх, шүдний эрүүл мэндийн суурь үйлчилгээ, шархтанг “UNAMID” ажиллагааны хариуцлагын бүсийн дотор болон хариуцлагын бүсээс гадна орших дараагийн шатны (III, IV шатны эмнэлэг) эмнэлгийн байгууллага руу татан гаргах зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн үүрэгийг гүйцэтгэж, “Авралын элч” татан гаргалтын сургууль, “EX HABOOB CHASE-2 ” тусгай хүмүүнлэгийн ажилагааг ажиллагааны төвөөс удирдан амжилттай зохион байгуулсан.

Монгол Улсын цэргийн II шатны эмнэлгийн тусламж үйлчилгээний үйл ажиллагаа эхэлснээс хойшхи хугацаанд тус ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа НҮБ-ын 20 гаруй орны цэргийн албан хаагчдад амбулаториор нийт 3343 өвчтөн үйлчлүүлж, хэвтүүлэн эмчлэх тасагт 94 өвчтөн эмчлүүлж, лабораторийн шинжилгээ 790, рентген шинжилгээ 385, хэт авиан оношлогоо 636, шүдний тусламж үйлчилгээг  375 хүнд тус тус үзүүлсэн байна.

Боолт, жижиг мэс ажилбарын өрөөгөөр нийт 180 өвчтөн, шархтанд жижиг мэс ажилбар, шарх цэгцлэх, боолт хийх, гөлтгөнөн боолт хийх тусламжийг үзүүлсэн байна. Үүнд: Хутгалагдсан шарханд боолт хийж, тасарсан булчинг залгасан, цээжний нэвт хутгалагдсан шархтай, гемопневмоторакстай хүнд цээжний хөндийд нь гуурс тавих, шарх цэгцлэх, буудагдсан хурууны үеийг тайрах, шархны анхдагч цэгцэлгээ хийх, хумс авах, хатиг, буглаа нээх, арьсны үү, ургацаг авах, гөлтгөнөн боолт хийх зэрэг мэс ажилбаруудыг гүйцэтгэсэн байна.
 
GURRA FARJAWI суурин дахь “Haboob chase-2” хүмүүнлэгийн ажиллагааны үеэр мэс ажилбар, шүдний үйлчилгээ, хэт авиан оношлогоо, дотор, зүрх судас, чих хамар хоолой, арьс харшлын нарийн     мэргэжлийн үзлэгийг зохион байгуулж, нийт 600 орчим хүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэсэн. Дарфур мужийн алслагдсан суурингуудын хүн амд эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх KUMA, SHANGIL TOBAYА, DAR AL SALAM суурингуудад үргэлжилсэн.  “Haboob chase-2” хүмүүнлэгийн ажиллагааны үеэр орон нутгийн иргэдэд шүдний эмчилгээ-112, хэт авиан оношлогоо-252, зүрхний цахилгаан бичлэг-12 болон нарийн мэргэжлийн эмч нарын  үзлэг хийж, нийт 2400 орон нутгийн иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэсэн бөгөөд НҮБ-ын Хүүхдийн сангаас дэмжлэг болгон олгосон 20 нэр төрлийн эм тариаг үнэгүй олгосон. Кавкабияа суурингийн эмнэлгийн эмч нарт сүүлийн үед анагаах ухааны салбарт хэрэглэгдэж байгаа анхан болон гүнзгийрүүлсэн тусламжийг үзүүлэх арга хэмжээний талаар онол, аппарат, тоног төхөөрөмж дээр ажиллах ажиллагааны зарчмын талаар дадлага сургалтыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулсан.
 
Цэргийн хээрийн хоёрдугаар шатны эмнэлгийг дэлгэн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс эхлэн Кабкабияа суурингийн 2139 ард иргэдэд үйлчилсэн бөгөөд тус эмнэлгийн явуулж буй үйл ажиллагаа нь “UNAMID” ажиллагааны нэр хүндийг өргөж, итгэлцлийг бэхжүүлж байгаад орон нутгийн эрх баригчид, омог, отгийн тэргүүнүүд, нийт ард иргэд ямагт талархаж байлаа.

Афганистан Улсад АНУ тэргүүтэй олон үндэстэний эвслийн цэргийн хүчнээс явуулж байгаа “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн хамгаалалтын рот, Умард атлантын цэргийн эвслээс явуулж байгаа Аюулгүй байдлыг хангах олон улсын хүчний ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн бүрэлдэхүүн, Афганистаны Үндэсний армийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Афганистаны артиллерчдийг сургаж бэлтгэх сургалтын хөдөлгөөнт багийн бүрэлдэхүүн, Нисдэг тэрэгний засвар, үйлчилгээний сургалтын багуудад үүргээ амжилттай гүйцэтгэсэн.

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж