Донтолтын эмгэг сайн эмчлүүлбэл бүрэн эдгэнэ

Хуучирсан мэдээ: 2011.10.13-нд нийтлэгдсэн

Донтолтын эмгэг сайн эмчлүүлбэл бүрэн эдгэнэ

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Л.Эрдэнэбаяртай ярилцлаа.

-Танай эмнэлэгт байнга хэвтдэг хүмүүс хэр их вэ?

-Байнга хэвтэн эмчлүүлдэг хүмүүс нийт өвчтөнүүдийн маань тал хувь нь байдаг. Тийм учраас ор хүрэлцээгүй хүндрэлтэй байдаг. Мөн сүүлийн үед архи, PC тоглоомонд донтогсод олширсон. Тэр дундаа өсвөр насны эрэгтэй хүүхдүүд  тоглоомонд донтох нь нэмэгдээд байна.  Мөн архидалт, сэтгэл гутралаас болж үүсэх сэтгэцийн эмгэгүүд гээд ер нь л нэмэгдэх хандлагатай байгаа. Жил ирэх тусам өвчлөл нэмэгдээд байхад барилгаа өргөтгөх, орчин нөхцөлийг нь сайжруулах хэрэгтэй гээд бид Эрүүл мэндийн яам болон бусад холбогдох албаныханд хэлээд байгаа ч тодорхой арга хэмжээ авахгүй хэвээр байна. Хэрэв бидэнд хөрөнгө мөнгө хангалттай бол бид ядаж өвчтөнүүдээ гэрээр нь очиж үзээд, яаралтай үед нь очиж эмчилгээ хийгээд өгөх боломжтой болж байгаа юм. Гэтэл хөрөнгө оруулалт бага байна.

-Хорин жилийн тургш танай эмнэлгээр эмчлүүлж байгаа хүн ч байдаг гэж байсан

-Нийт хэвтэн эмчлүүлэгчдийн бараг тал хувь нь 10-20 жилийн турш хэвтэн эмчлүүлж, байнгын хяналтанд байдаг. Олон жил өвдсөн хүмүүсээс ар гэр нь залхаад зугатах, эмнэлэгт орхиод ирэхгүй байх тохиолдол олон байдаг. Тэд маань одоо манай эмнэлэгээс барьж өгсөн гэрт амьдарч байгаа. Манайхаас хоол хүнсийг нь гаргаад сувилагч эмч нар байнгын хяналтанд байлгадаг. Одоо ч бараг ах дүү, хамаатан шиг болж дээ.

-Энэ өвчнөөр нас барах тохиолдол хэр байдаг вэ. Аминаас хол өвчин юм уу гэж харагдаад байдаг?

-Манай төвд жилд 8-12 орчим өвчтөн нас бардаг. Голдуу хавсарсан биеийн өвчнөөр л нас бардаг. Сэтгэцийн өвчнөөр нас баралт бараг байдаггүй. Хавсарсан гэхээр сэтгэцээс гадна өөр ямар нэг эрхтэн нь өвчилж, тэгээд хавсарч түүнээсээ болж нас барах тохиолдол байдаг.

-Сэтгэцийн эмгэг бүрэн эдгэрэх үү?

-Ямар өвчин гэдгээс шалтгаалдаг. Архаг солиорох эмгэгийн тухайд бол эдгэрнэ гэдэг хэцүү. Бусад хөгжингүй улс оронд ч тийм байдаг. Засралын хугацааг уртасгаж, өвчнийг сэдрээхгүй байхыг л анхаардаг. Мэдрэлийн ядаргаа стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг, донтолтын эмгэгүүд сайн эмчлүүлбэл бүрэн эдгэрдэг.

-Манайд ямар сэтгэцийн эмгэг давамгайлж байна вэ?

-Нийт сэтгэцийн эмгэгийн 49-51 хувийг оюуны хомсдол өвчин эзэлдэг. Дараа нь шизофрени, донтолтын эмгэг, тархины гэмтлийн шалтгаант сэтгэцийн эмгэг өндөр хувьтай байдаг.

-Манайд эм тарианы хувьд хангалттай байдаг уу. Энэ өвчнийг эдгээхэд шинэ технологи, арга байдаг уу?

-Эмийн хувьд ДЭМБ-ын зөвлөмжид орсон 13 нэр төрлийн сэтгэцийн эм хэрэглэдэг. Бусад хөгжингүй улс оронд 200 гаруй төрлийн сэтгэцийн эм хэрэглэдэг юм билээ. Манайх төсвөөсөө шалтгаалж өндөр үнэтэй эмчилгээний үр нөлөө сайтай гаж нөлөө багатай эмийг худалдан авахад төсөв хүрэлцдэггүй. Жилдээ 438 сая төгрөгийн эмийн төсөвтэй бөгөөд энэ нь 450 хэвтүүлэн эмчлэх орыг ажиллуулах, эмчийн хяналтанд байдаг 6000 өвчтөний үнэгүй эмийг тасралтгүй олгоход  ч хүртээмжгүй байдаг. Манайх эмийн, сэтгэл заслын, нөхөн сэргээх, физик эмчилгээнүүдийг хэрэглэдэг.

Ш.ОЮУ /сурвалжлагч/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж