Газрын тосны ТӨК байгуулахаар болов

Хуучирсан мэдээ: 2011.10.13-нд нийтлэгдсэн

Газрын тосны ТӨК байгуулахаар болов

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Дархан-Уул аймагт жилд 2 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулах тухай хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар боллоо. Тогтоолд Засгаас ямар нэгэн санхүүгийн баталгаа гаргахгүй гэдгийг тодорхой тусгахаар боллоо. Энэхүү үйлдвэр нь хоногт 44 мянган баррель буюу жилд 2 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай байх бөгөөд жилд 1,7 сая тонн орчим шингэн түлш үйлдвэрлэх боломжтой гэсэн тооцоог гаргасан байна. Мөн үйлдвэрлэсэн бензин шатахуун нь олон улсын хэмжээнд дээд зэрэглэлийн чанарын стандартыг хангасан, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хор хөнөөлгүй экологийн давуу талтай гэнэ.

АГНУУРЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ЖУРМЫГ ДЭМЖЛЭЭ

Мөн хуралдаанаар Агнуур зохион байгуулалт хийх журам батлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг өчигдрийн хэлэлцэн дэмжиж, Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусгаж тогтоол гаргахаар болжээ. Энэхүү журам батлагдсанаар орон нутагт агнуурын бус нутгийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох, зөвхөн эрх бүхий байгууллагаас баталсан агнуурын бус нутагт агналт хийдэг байх, улмаар агнуурын бус нутгийг аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөл, иргэнд эзэмшүүлснээр ашиглагч нь хамгаалагч байх зарим амьдралд бодитоор хэрэгжих нөхцөл бүрдэх зэрэг байгаль хамгааллын ач холбогдолтой гэж үзжээ.

КОНЦЕССЫН ЖАГСААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХААР БОЛОВ

Хэлэлцэх дараагийн асуудал нь концессын жагсаалтад өөрчлөлт оруулах байсан бөгөөд “Концессын зүйлийн жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 198 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д  Улаанбаатарын дулааны 5 дугаар цахилгаан станц болон Дорнодын дулааны  цахил­гаан станц  барихтай холбоотойгоор өөрч­лөлт оруулахаар боллоо. Ингэснээр Улаанбаатар хотын өсөн  нэмэгдэж байгаа дулааны болон цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор цахилгаан дулаа­ны 5 дугаар шинэ эх үүсвэрийг ҮАБЗ-өөс өгсөн зөвлөмжийн дагуу “Барих-ашиглах-шилжүүлэх” зарчмаар олон улсын нээлттэй уралдаант шалгаруулалтаар хийх болов.

Харин Дорнод аймгийн хувьд 100 Мвт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станцыг “Барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэйгөөр барих юм. Энэ төслийг хэрэгжүүлэхэд  авто болон төмөр замын дэд бүтэц хөгжсөн,  барилга байгууламж барих нөөц талбайтай, нүүрс болон усны нөөцийн ойрхон байрлалтай,   500 гаруй мэргэшсэн боловсон хүчний нөөцтэй зэрэг нь  уг төслийн томоохон давуу тал болж байгаа аж.

Б.ЭНХМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж