
валютын бодлого хэр зэрэг байна вэ? Энэ асуултыг өчигдөр МУИС-ийн дугуй
танхимд болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх дэд зөвлөлийн
хуралдаанаар асууж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар,
Монгол банк, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос хамтран Монгол Улсын
Ерөнхийлөгчийн дэргэдэх “Төлбөрийн тэнцэл, валютын бодлогын дэд
зөвлөл”-ийн ээлжит хуралдаан нээлттэй болсон бөгөөд ингэснээр олон
нийтэд мэдээлэл нь бодитоор хүрч эдийн засгийн асуудал дээр нэгдсэн нэг
хэлээр ойлгоцоход дөхөм болно гэж үзэн уг хуралдааныг нээлттэйгээр
зохион байгуулсан ажээ.
Энэ удаагийн зөвлөгөөнөөр Монгол банкны ханшийн бодлогын талаар
баримталж буй үндсэн зарчим, түүний хэрэгжилт, валютын дотоодын захын
тогтвортой байдал нөлөөлж буй хүчин зүйлс, хөрөнгийн дотогшлох урсгалын
эдийн засагт үзүүлэх нөлөөлөл. Тэр дундаа төгрөгийн гадаад валюттай
харьцах ханшийн чангаралтын бодит эдийн засаг болон импортын өсөлтөд
нөлөөлөх байдалд хийсэн дүн шинжилгээ, гадаад секторын статистик,
төлбөрийн тэнцлийн гүйцэтгэл ба хандлага зэрэг өргөн хүрээтэй асуудлаар
сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлсэн юм. Бодлогын хэмжээн дэх энэхүү
бодлогын асуудлыг олон нийттэй хамтран хэлэлцэж, сонирхсон асуултанд тэр
дор нь хариулт авах байдалтайгаар нээлттэй хурал үргэлжилж байлаа.
Монгол Улс нэг тэрбум 200 мянган төгрөгийн гадаад өртэй
“Монгол Улсын гадаад өрийн хэмжээ энэ оны эхний найман сарын байдлаар
нэг тэрбум 200 мянган төгрөгт хүрсэн байна. Монгол Улсын урсгал зардал
алдагдалтай гарсан. Энэхүү алдагдлыг гадаадын хөрөнгө оруулалт болон
бусад зээлээр нөхөж байсантай холбоотойгоор гадаад өр өссөн” гэж тус
хуралдаан дээр илтгэл хэлэлцүүлсэн Монгол банкны ахлах эдийн засаг
Ц.Мөнхбаяр ярьж байсан юм.
Дэлхийн зах зээлд бараа экспортлож буй бүтээгдэхүүний үнэ өндөр байхад
алдагдалтай гарч байгаад уншигч та гайхаж магадгүй юм. Тэгвэл экспорт
өндөр байгаагийн хэрээр импортын бүтээгдэхүүний үнэ нь дагаад өсөөд
байгаатай холбоотой гэж эдийн засагчид тайлбарлаж байна. Монгол Улс
ерөнхийдөө зээлдэгч улс ажээ. Үүнийг дотоодоос орж байгаа мөнгөн урсгал
гадаадынхаас бага байгаатай холбож тайлбарлаж болно. Тэгсэн мөртөө “Эх
орны хишиг” тараагаад байгаа нь ойлгомжгүй. “Монгол Улс бол зээлдэгч
орон. Тиймээс томоохон хэмжээний үйлдвэрийг бодлогоор нь дэмжиж
үйлдвэрлэгч улс руу шилжих нь зүйтэй” гэж Ц.Мөнхбаяр ярьж байсан юм.
Лондон, Хонконг, Канадын хөрөнгийн бирж дээр 2,3 тэрбум төгрөг байршжээ
Гадаадын хөрөнгийн бирж. Тухайлбал Лондон, Хонконг болон Канадын
хөрөнгийн бирж дээр Монгол Улсаас 2,3 тэрбум төгрөг байршжээ. Энэ нь
ихэвчлэн Монголын томоохон корпораци, компаниийн хувьцаа байгааг эдийн
засагчид онцолж байна. Харин Монголын хөрөнгийн бирж дээр шууд хөрөнгө
оруулалтаар 264 сая ам.доллар байршжээ. “264 сая доллар байршсан нь
еврозоны хямрал хурцадсантай холбоотойгоор Азийн хөрөнгийн биржүүдэд
хувьцаа унах үзэгдэл эрчимжсэн. Үүнээс болоод Монголын хөрөнгийн бирж
дэх хөрөнгө байршилт багассан” гэж Ц.Мөнхбаяр ярьж байсан юм.
Гурван тэрбумын санхүүгийн алдагдал
Гадаад өрөөс гадна санхүүгийн алдагдал гурван тэрбум ам.доллар хүрчээ.
Монгол Улсын хувьд 2,7 сая нь урт хугацааны, 300 саяын богино хугацааны
зээлтэй байгаа нь санхүүгийн алдагдал гарахад нөлөөлсөн байна. Мөн
евро бүсийн хямралтай холбоотойгоор дэлхийн эдийн засгийн төлөөлөл
багассан дүр зураг ажиглагдаж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор гадаад
хөрөнгө оруулалт багасч байгаа ажээ. Зөвхөн манайд ч биш хөгжиж буй гэх
тодорхойлолтод багтах улс орнуудад гадны хөрөнгө оруулалт их хэмжээгээр
буурсан байна. Энэ нь инфляцийн төвшинг нэмэгдүүлэх сөрөг тал
ажиглагдаж байгаа учраас инфляцийг нэг оронтой тоонд барих зорилготой
байгаа юм.
Хөрөнгийн бирж шинэчлэгдэж байна
Монголын хөрөнгийн биржийн дотоод үйл ажиллагааны асуудал бага ч атугай
шинэчлэгдэж байгаа тухай эдийн засагчид ярьж байна. “Өмнө нь хөрөнгийн
биржийн гол тоглогч Монгол банк байсан. Харин 2010 оноос хойш гол
тоглогч байхаа больж зөвхөн зохицуулагчийн үүргээр л оролцож байгаа” гэж
Монгол банкны хэлтсийн захирал С.Болд ярьж байна. Монголын хөрөнгийн
биржид банк, банк бус санхүүгийн байгууллага, аж ахуй нэгж иргэд гэсэн
гурван төвшинд арилжаа явагддаг бөгөөд сүүлийн жилүүдэд банк хоорондын
харьцаа нэмэгджээ.
Төгрөгийн ханшны чангаралт бодит эдийн засагт нөлөөлж эхэллээ
Уул уурхайн салбарын эрчимтэй өсөлт төгрөгийн ханшинд нөлөөлж
хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөнд хүргэдэг гэсэн
бичигдээгүй хууль бий. Одоогийн байдлаар арьс, ширний болон төмрийн
үйлдвэр, мах, агаарын тээврийн салбарт нөлөөлж байгаа үзүүлэлт гарчээ.
“Голланд өвчний үндэс нь бодит эдийн засгийн үнийн чангаралт өсөх явдал
байдаг. Сүүлийн үед уул уурхайн салбарын эрчимтэй өсөлт нь томоохон
үйлдвэрүүдэд маш ихээр нөлөөлж байгаа. Хамгийн аюултай нь Монгол улсад
томоохон аж үйлдвэрийн төвүүд, үйлдвэрлэлт явагдаж байгаа зүйл алга” гэж
Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны мэргэжилтэн Т.Дэлгэрнаран ярьж
байсан юм.
Өчигдөр болсон энэхүү нээлттэй хурал дараагийн долоо хоногийн мягмар
гариг хүртэл үргэлжилж, эдийн засгийн бодлогийн асуудлаар санал
солилцоно.