Шуудай нүүрс инфляцийг ”тамирдуулав”

Хуучирсан мэдээ: 2011.10.13-нд нийтлэгдсэн

Шуудай нүүрс инфляцийг ”тамирдуулав”

Орон сууцны үнэ хоёр дахин хямдарна гэж Барилгачдын холбооны ерөнхийлөгч мэдэгдсээр байтал өнгөрсөн жилээс даруй 10 саяар, өнгөрсөн сараас 4,6 хувиар өсчээ. Энэ нь статистикчдын хэлснээр хэрэглээний үнийн улсын индекс, олон нийтийн ярьдгаар инфляцийн өсөлтөд багагүй нөлөөлсөн байна.  Уг нь бол 100 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжиж, зургаан хувийн хүүтэй зээл гарчихсан бол орон сууцны үнэ навс унах ёстой байсан гэнэ. Даанч Хөгжлийн банкийг толгойлж буй хэдэн солонгос нөхөр мөнгө гаргаж өгөхгүй байгаа болохоор л Засгийн газраас амалсан том том төсөл хөтөлбөрүүд таг гацчихаад байгаа юм байх. Гэхдээ ганцхан орон сууцны үнэ л өдрөөс өдөрт өсөөд байгаа юм биш. 
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллийг харахад цахилгаан, гутал, хувцас, түлээ нүүрс, түлш шатахуун гээд үнэ нь өсөөгүй юм алга. Мэргэжлийн байгууллагаас өгсөн мэдээ нь “Хэрэглээний үнийн улсын ин­декс 2011 оны есдүгээр сард өмнөх сарынхаас 0.6 хувь, 2010 оны арванхоёрдугаар сарын­хаас 5.9 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 10.5 хувиар өс­лөө. Ерөнхий индекс өмнөх сарын­хаас өсөхөд хувцас, бөс бараа, гутлын бүлгийн дүн 1.6 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлш­нийх 4.6 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ” гэх аймаар албархуу тайлбар. Цаашлаад “мөнгөний нийлүүлэлт (M2) 2011 оны есдүгээр дүгээр сарын эцэст 6063.9 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 150.7 тэр­бум төгрөг буюу 2.5 хувиар, өм­нөх оны мөн үеийнхээс 2212.2 тэрбум төгрөг буюу 57.4 хувиар өсчээ” бас нэгэн модон хэллэг.

Эдийн засагчид л гэхээс үнэндээ энгийн иргэд индекс, бөс бараа бүлгийн дүн, мөнгөний нийлүүлэлт, зэрэгцүүлэх үнэ зэргийг ойлгодоггүй.  Тиймдээ ч ерөнхий индекс өмнөх сараас өссөн гэдэгт нэг их ач холбогдол өгөхгүй байж болох. Харин  түлээ нүүрсний үнэ 50 хувь буюу тал хувиар өнгөрсөн жилээс өссөн гэвэл өөрөөр хүлээж авах нь тодорхой. Статистикчдийн хэллэгийг энгийн үгээр хөрвүүлбэл, нэг шуудай нүүрс өнгөрсөн жил 800-900 төгрөгийн үнэтэй байсан бол өнөөдөр 1500 төгрөгийн үнэтэй байгаа аж. Шуудай мод мөн л  өнгөрсөн намрын өдийд 850 төгрөг байсан бол өнөөдөр 1500 төгрөгийн үнэтэй байгаа юм билээ. Байрны үнийн хөөсрөлт, жижиглэнгийн түлээ, нүүрс инфляцийг “тамир­дуулж” буй нь үнэн ч санасныг бо­доход бас ч харьцангуй гайгүй гэнэ.

Иргэдийн гар дээр зургаан их наяд төгрөг эргэлдэж байна

Мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сард 6063,9 тэрбум төгрөгт хүрсэн гэдгийг “орчуулбал” иргэдийн гар дээр нийтдээ зургаан их наядын бэлэн мөнгө эргэлдэж байна гэсэн үг.  Харин олзуурхууштай нь банк санхүүгийн салбарт байнгын үзэгдэл болсон чанаргүй, найдваргүй гэх зээлийн хэмжээ нэлээд буураад байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, Үндэсний  статистикийн газраас гаргасан өнгөрсөн сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтэд дурдсанаар хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2011 оны есдүгээр сарын эцэст 60.5 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 6.5 тэрбум төгрөг буюу 9.7 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 15.3 тэрбум төгрөг буюу 20.2 хувиар буурчээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2011 оны есдүгээр сарын эцэст 357.3 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 18.6 тэрбум төгрөг буюу 4.9 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 53.9 тэрбум төгрөг буюу 13.1 хувиар буурсан байна. 

Улсын “түрийвчин” дэх ашиг энэ оны эхний есөн сарын байдлаар 236,7 тэрбумд хүрсэн байна. Өнгөрсөн оны өдийд Монгол Улсын нэгдсэн төсөв 19,7 тэрбумын алдагдалтай гарч байсан аж. Төсвийг захиран зарцуулах эрхмүүд өнгөрсөн есөн сард гурван их наяд орчим хөрөнгийг зарлагадсан,  татварын орлого, тусламжаар гурван их наяд 170-аад тэрбум төгрөгийг улсын авдарт төвлөрүүлсэн ажээ. Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 870.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бөгөөд дотоодын бараа, үйлчилгээний татварын орлого 438.5 тэрбум төгрөгөөр бусад татварын орлого 274.2 тэрбум төгрөгөөр,  гадаад худалдааны татварын орлого 117.2 тэрбум төгрөгөөр, нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 106.3 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.  Гадаад худалдааны тэнцэл 2011 оны эхний есөн сард 1344.6 сая ам.долларын алдагдалтай гарсан байна.  Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2011 оны эхний есөн сард 1470.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 129.5 тэрбум төгрөг буюу 9.7 хувиар өссөн байна. Уул уурхайн үйлдвэрлэлээс гадна боловсруулах үйлдвэрүүдэд өсөлт гарсан гэдгийг Үндэсний статистикийн хорооны удирдлагууд мэдэгдлээ. Боловсруулах үйлдвэрүүдэд өсөлт гарахын хэрээр Монголын эдийн засгийн хөгжил сайжрах юм. Энэ бол сайхан мэдээ. Түүнчлэн он гарсаар нийт 258.1 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 114.4 тэрбум төгрөг буюу 79.6 хувиар өссөн байна.  Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо  40 мянга 700-д хүрсэн байна. Гэхдээ Монгол Улсад нийтдээ 90 мянга орчим хүн ажилгүй байгааг тус хорооныхон дуулгасан.
 
Дундговийн Цагаандэлгэр сум 673 хүнтэй

Үндэсний статистикийн хороо­ноос гаргасан бас нэгэн мэдээлэл нь аж ахуйн нэгжийн тооллого. Өнгөр­сөн хавар улс орон даяар өрнөсөн уг тооллогын эцсийн дүнгээр Монгол Улс 66,4 мянган аж ахуйн нэгжтэй гэсэн судалгаа гарсан байна.  Үүнээс 56,6 хувь нь 1-9 ажилчинтай, 2,8 хувь нь 200-гаас дээш ажилчинтай гэнэ. Мөн хүн ам, орон сууцны улсын тооллогоор гарсан зарим нэг мэдээллүүдийг сонирхуулсан. Монгол Улсын хүн ам энэ сарын 10-наас 11-нд шилжих шөнийн байдлаар хоёр сая 754685 болсон гэнэ.  Хамгийн бага хүнтэй сумаар Дундговийн Цагаандэлгэр тодорсон аж. Тус суманд ердөө 673 хүн амьдарч байна. Харин Өмнөговийн Цогтцэций, Ханбогд сумын хүн амын тоо өссөн гэх мэдээлэл бай­на.  Ерөнхийдөө Улаанбаатар, Дорно­говь, Говьсүмбэр, Орхон зэргээс бу­сад аймаг хотод хүн амын тоо буурсан ажээ.

Ж.ЭРХЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж