Цалин хөлс нэмэх асуудлаар хэлэлцээр хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Цалин хөлс нэмэх асуудлаар хэлэлцээр хийнэ

Монголын Боловсрол, соёл шинжлэх ухааны байгууллагын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэ сарын нэгэнд Сүхбаатарын талбайд жагсаал, цуглааныг зохион байгуулж, Засгийн газар, БСШУЯ-нд 9 зүйл бүхий шаардлагыг хүргүүлсэн билээ. БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мишигжав, тус яамны Мэргэжлийн боловсролын газрын дарга М.Баасанжав болон албаны хүмүүс өнөөдөр тус шаадлагын хариуг Монголын Боловсрол, соёл шинжлэх ухааны байгууллагын ажилтны ҮЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тунгалагт албан ёсоор гардууллаа. Боловсролын салбарт үүсээд байгаа цалин хөлсний хангамж, түүнийг тойрсон асуудлаар БСШУЯ, Нийслэлийн Засаг даргатай хамтран ажлын хэсэг байгуулан ажилласан бөгөөд урьдчилсан судалгааны дүнд тулгуурлан энэхүү шаардлагын хариуг өгч буйгаа тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мишигжав дурьдаад цаашид хариу өгөөд зогсохгүй хугацаа шаардагдах ажлуудад хамтран ажиллаж, асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ амаллаа. Тухайлбал, шаардлагын хамгийн гол асуудал болох нэг хүүхдэд ноогдох хувьсах зардлыг Сангийн яамтай хамтран 2010 оны төсвийн тодотголын төсөлд 7 тэрбум төгрөгийг нэмж олгуулахаар тусгасан байна. Мөн боловсролын байгууллагын ажилтнуудын үндсэн цалинг хоёр дахин нэмэх асуудлыг Засгийн газар, БСШУЯ, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран ирэх долоо хоногт гурван талт хэлэлцээр байгуулахаар тохиролцож байгаагаа мэдэгдлээ. Харин Боловсрол, соёл шинжлэх ухааны байгууллагын ажилтны ҮЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тунгалаг ”Нийт багш нарыг төлөөлж байдгийн хувьд нэгдсэн цуглаанаас гаргасан шийдвэрээ хүргүүлж, ажлын хэсэгт орж ажилласнаар зарим боловсролын байгууллагад жигд биш төсвийн хуваарилалт зэрэг зөрчил дутагдлууд ажиглагдаж байлаа. Хамгийн гол нь төсвийн байгууллагын үйлчилгээний зардлыг нэмэгдүүлэх, багш, ажилтны цалин хөлсийг нэмэх асуудалд гурван талт хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн байна. Дараа долоо хоногт энэхүү хэлэлцээрээс гарах шийдвэрээс хамаарч дараагийн арга хэмжээ, үйл ажиллагааны зохион байгууллалтанд орно” гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.
Д.Долгорсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж