
Чингэлтэй дүүргийн ЭМН-ийн дарга С.Тунгалагийг 2000 орчим хуурамч түүх бичин, 200 гаруй сая төгрөг завшсан хэрэгт шалгаж буй. Харин С.Тунгалаг өөрийгөө гэм буруугүй хэмээж байв. Гэвч тус нэгдлийн 2009, 2010 оны материал бүрдүүлэлтэд үзлэг хийхэд нийтдээ 94752 хүн хэвтэн эмчлүүлсэн баримт байсан аж. Баримтыг тулгахад 20194 хүний материал зөрчилтэй болох тогтоогджээ. С.Тунгалаг нь тус нэгдэлд 2002 оноос эхлэн даргаар ажиллаж байх хугацаандаа хуурамч өвчтөний түүх зохион Эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө завшсаар байсан аж. Эрүүл мэндийн даатгалд иргэд цалингаасаа сар бүр мөнгө төлснийхөө төлөө жилд нэг сая 200 мянган төгрөгийн эмчилгээ үйлчилгээг үнэ төлбөргүй авах эрхтэй байдаг аж. Гэтэл эмнэлгийн дарга нь иргэдийг эмнэлэгт хэвтээгүй байхад хуурамч өвчтөний түүх зохион Эрүүл мэндийн даатгалын сангаас хувьдаа мөнгө завшдаг байжээ.