
УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Ө.Энхтүвшин. Тэр бол энэ намын нэгэн гол дүр. Бас Хөвсгөлийн тойргоос УИХ-д гурван удаа сонгогдсон, дахин сонгогдох магадлал нь ч өндөр, туршлагатай улстөрчдийн нэг. Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл улстөрчдийн толгойны өвчин болж байгаа энэ үед түүний амнаас гарах үг хүмүүсийн анхаарлын төвд орох боллоо. Ө.Энхтүвшин даргыг зарим нэгэн нь “Аливаа асуудалд нухацтай, няхуур ханддаг, өөрийн үзэл бодолдоо үнэнч, тууштай, мэдрэмжтэй нэгэн” хэмээн дүгнэдэг. Саяхан л “УИХ дахь Ардын намын бүлгийнхээ 52:24 гэсэн хувилбар дээр тогтлоо. Энэ байр суурь дээрээ хатуу зогсоно” гэж хэлж байхыг нь сонсоод “Тэр үзэл бодолдоо тууштай юм чинь энэ хувилбар дээрээ хатуу зогсоно доо” гэж бодож байлаа. Нээрээ ч энэ хувилбараа Ардчилсан намын бүлэгт тууштай тулгасан шүү. Гэтэл уржигдар болсон Ардын намын бүлгийн хуралдааны дараа мэдээлэл хийхдээ хаанаас ч ийм тоо гаргаад ирсэн юм, бүү мэд “48:28 гэсэн хувилбар сонгож буйгаа МАН-ын бүлэг албан ёсоор зарлаж байна. Энэ тоог хөдөлгөхгүй. Зөвшилцлийн ажлыг яаралтай явуулах нь зүйтэй гэж үзээд 48:28 болгосон” гэсэн тулгалт нь тэр. Гэтэл түүний танилцуулгад “Ө.Энхтүвшинг шинэчлэгч нэгэн гэдэг. Тэрбээр улс төрийн амьдралд арав гаруй жил зүтгэж байгаа ч ямагт “шинэ” байдаг онцлогтой. Шинэ байх гэдэг нэг талаас хуучнаасаа салж, хагацаж чаддаг гэсэн үг” гэж бичсэнийг анзааралгүй орхичихож шүү.
Т.Урангэрэл"Улс төрийн тойм" сонин
