Сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2011.10.12-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр УИХ-ын Сонгуулийн тухай хуулиудын нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх байсан ч, ажлын хэсэг үдээс хойш хуралдахаар болсон тул хэлэлцүүлгийг хойшлууллаа.

Харин оронд нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлэгдсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. УИХ Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг 2010 оны зургадугаар сарын 24-нд баталсан байна. Энэ хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг намын бүлгүүдээр хэлэлцүүлэх, дахин боловсруулахаар тус байнгын хорооноос ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Иймээс дээрх хууль болон хуулийн төслүүдийн агуулга, зарчимд нийцүүлэн Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болсон байна.

Дөрвөн зүйлтэй энэ хуулийн төслөөр улс төрийн нам, нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан бүх төрлийн зорилт, арга хэмжээ, үндсэн зорилго, хүрэх үр дүн, түүнийг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс болон орон нутгийн төсвөөс шаардагдах санхүүжилтийн хэмжээг зорилт, арга хэмжээ нэг бүрээр тооцуулах, эх үүсвэрийг нь тодорхойлуулахтай холбогдсон харилцааг зохицуулах юм байна.
Түүнчлэн тус байнгын хорооны хуралдаанд Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав санал тоолох техник хэрэгслийг бэлэн болгохтой холбоотой асуудлаар танилцуулга хийлээ. Сонгуулийн санал хураалтыг тоолох техник хэрэгсэл авахад зориулж 2011 оны улсын төсөвт 24 тэрбум төгрөг тусгасны дагуу 2012 оны УИХ-ын сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулахтай холбоотой техник хэрэгслийг нийлүүлэх компаниудыг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулсан байна. Мөн санал хураалт, сонгогчийн бүртгэлийн техник хэрэгслийг сонгож, санал дүгнэлт гаргах үүрэгтэй ажлын хэсгийг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Мэдээллийн технологи, харилцаа холбооны газар, Төрийн холбооны газрын ажилтнуудын бүрэлдэхүүнтэй байгуулж ажилласан.

Тендэрийн сонгон шалгаруулалтад БНСУ, АНУ, Филиппин улсын нийт дөрвөн компани саналаа ирүүлснээс ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хорооны хурлаар хэлэлцээд сонгогчийн бүртгэл явуулахад БНСУ-ын “LS Cable & System”, ”Miru data system” хамтарсан компанийн машиныг, санал хураалтын техник хэрэгсэлд АНУ-ын “ES & S” компанийн “DS200” автомат машиныг шалгаруулсан. Сонгон шалгаруулалтыг явуулахдаа тухайн машин нь ямарч үед автомат болон гар аргад шилжиж ажиллах боломжийг хангасан байх, саналын цаасан хуудсыг автоматаар тоолох, гацсан үед гар аргаар тоолох боломжтой байх, техникийн аюулгүй ажиллагаа, найдвартай байдлыг сайн хангасан байх шаардлагуудыг гол шалгуур болгосон. Мөн бусад улс оронд хэрэглэж ирсэн туршлага, техник хэрэгслийг үйлдвэрлэж нийлүүлэх хугацаа, үнийн саналыг ч харгалзсан юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж