
Нурамгардуу царай, тод өнгийн хувцас, спорт маягийн үс засалт зэрэг нь А.Меркелийн бусдаас ялгарах онцлог болдог. Гэхдээ үүнээс болж зарим ажиглагч түүнийг “Уйтгартай, хөдөөний хүн” хэмээн тодорхойлдог ч энэ нь А.Меркелийг дутуу үнэлж буй хэрэг юм. А.Меркель бол зүүн Германы иргэдээс Төрийн тэргүүн болон сонгогдсон анхны улстөрч. Түүний уйтгартай ч юм шиг дүр төрх нь прагматик үзэл бодол, өөртөө итгэлтэй байдлыг нь тодотгодог бололтой. Потсдамын Либераль институтын тэргүүн Д.Доиринг “Германчууд улсынхаа тэргүүнээр Бритни Спирс шиг хүнийг сонгох тэнэг хүмүүс биш. Харин юу хийж байгаагаа мэддэг А.Меркель шиг хүнд тэд итгэл хүлээлгэсэн” хэмээн тайлбарлажээ. Үнэхээр А.Меркель 2009 оны сонгуулиар германчуудын 60 хувийн саналыг авч, ялалт байгуулсан билээ.
Протестант шашин шүтдэг тэрбээр өдгөө 55 настай. Түүний тэргүүлж буй консерватив үзэл баримтлалтай Христийн ардчилсан намын удирдах бүрэлдэхүүнд өмнө нь католик шашинтай, герман эрчүүд л багтдаг байж. Харин А.Меркель түүнийг өөрчилж чаджээ. Тэрбээр улс төрд орсныхоо дараа анхны нөхрөөсөө салсан байна. Гэвч олон нийтэд хэдийнэ танил болсон Меркель гэх нөхрийнхөө овгийг солиогүй хэвээр үлдээсэн аж. Одоо тэрбээр хүүхэдгүй. Харин түүний хоёр дахь нөхөр болох химич эрдэмтний хоёр хүү А.Меркелийн гэр бүлд харъяалагддаг.
Ажиглагчид А.Меркелийг олон улсад Германы Канцлер асан Гельмут Колиос илүү хүчтэй удирдагч болон харагддагийг онцолдог. Г.Коль сангийн хөрөнгөтэй холбоотой хэрэгт орооцолдож, хэл амны бай болох үед түүнийг огцрохыг шаардсан анхны хүн нь А.Меркель. Уг нь тэд нэг кабинетад ажилладаг, хамтрагчид байжээ. Гэхдээ Г.Колийг шударга байгаагүйнх нь төлөө шүүмжилсний ачаар Христийн ардчилсан намынхан дотооддоо шинэчлэл хийх цаг болсныг ойлгосон юм. Тэд удирдагчаа зоригтой шүүмжилсэн А.Меркель намаа өөрчилж чадна хэмээн тооцсон нь талаар болсонгүй.
Германд 2005 онд болсон сонгуулийн дараа Христийн ардчилсан нам, Социал демократ нам эн тэнцүү суудал авч, түүхэнд “Их эвсэл” хэмээн нэрлэгдсэн хамтарсан Засгийн газрыг байгуулах үед А.Меркель Канцлер болсон юм. Үүний дараа Германы эдийн засгийг шинэчлэхийн зэрэгцээ зарим салбар дахь цалингийн доод хэмжээг нэмэх, төсвийн зарлагыг тэлэх зэргээр зүүний үзэл баримтлал бүхий бодлогоо хэрэгжүүлж эхэлжээ. Тухайн үед олон улсын ажиглагчид А.Меркелийн “Их эвсэл” задарна хэмээн таамаглаж байсан боловч 2009 оны сонгууль хүртэл Германы улс төрд өөрчлөлт ороогүй аж.
Социалист тогтолцоо задрахаас өмнө зүүн Германы Хамбург хотод А.Меркель мэндэлжээ. Түүнийг хэдхэн сартай байх үед сүмийн номлогч байсан аав нь нэгэн жижигхэн хот руу нүүх шийдвэр гаргасан байна. Эцэст нь А.Меркель коммунист тогтолцоотой Германы хөдөөний нэгэн тосгонд өсч торнижээ. Ахлах сургуульд байх үед багш нар нь түүнийг математик, шинжлэх ухаан, хэлний чиглэлд авъяастайг нь гайхдаг байж. Хожим физикийн шинжлэх ухааны чиглэлээр докторын зэрэг хамгаалж, зүүн Берлиний шинжлэх ухааны академид химичээр ажиллах болов. Улс төр огт сонирхдоггүй байсан А.Меркелийг 36 нас хүрэх үед ЗХУ задарч, социалист Герман улс үгүй болох цаг хаяанд иржээ. Энэ үед тэрбээр ардчиллын төлөөх хөдөлгөөнүүдэд идэвхтэй оролцож, Берлиний ханыг нураасны дараа ардчилсан Герман улсын Засгийн газарт хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллах болсноор улс төртэй холбогдож эхэлсэн байна. Түүнээс хойш ердөө гурван сарын дараа Г.Колийн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж, сайд болжээ.
Одоо А.Меркелийн Засгийн газар асуудлаар дүүрэн байгаа. Өнгөрсөн гуравдугаар сард Батлан хамгаалахын сайд нь докторын диссертациа өөрөө бичээгүйнхээ харгайгаар огцорсон. Мөн А.Меркелийн дэмжлэгтэйгээр хойд мужийн амбан захирагч болсон Христиан вон Биттичер насанд хүрээгүй охинтой холбогдсоныхоо төлөө огцрох өргөдлөө өгчээ. Түүнээс гадна Евро бүсийн эдийн засгийг хямраахгүйн тулд Грект хоёр удаа санхүүгийн тусламж өгөх шийдвэр гаргасных нь төлөө германчууд А.Меркелийг шүүмжилдэг. Бүс нутгийн хямралын аюулыг Германы татвар төлөгчдийн мөнгөөр арилгахыг хичээж буй учраас тэр. Гэвч А.Меркель “Төмөр хатагтай”-н имижээ алдаагүй хэвээр байна. Нэгэн цагт Их Британийн Ерөнхий сайд байсан М.Тетчерийг хэвлэлүүдэд “Төмөр хатагтай” хэмээн бичдэг байв. Харин одоо түүний халааг А.Меркель авчээ.
Ямартай ч А.Меркель Вьетнамд айлчилсныхаа дараа Монголыг зорьж айсуй. Тэрбээр хүний эрх болон ядуурлын асуудлыг хөндөхөөр зэхэж байгаа. Түүний айлчлал Монгол, Германы харилцааг шинэ шатанд гаргах нь дамжиггүй. Ялангуяа цаасан дээр бичигдэх төдийгөөс хэтэрдэггүй байсан уул уурхай, тэр дундаа газрын ховор элементийн салбар дахь хамтын ажиллагаа бодитой болох нь. “Bloomberg”-ийн мэдээлснээр бол Германы “Siemens” компани бүр түүхий эдийн баазтай ч болж мэдэх юм. Тэгэхээр А.Меркелийг маш их мөнгөний гэрээ, хэлэлцээрүүд хүлээж байгаа нь тодорхой билээ.
"Улс төрийн тойм" сонин