
“Ногоон эвсэл”, “Ногоон хөдөлгөөн”, “Хөх Монгол”, “Цагаан хас” зэрэг бүлгэмийн төлөөлөгчид Хазар монголчуудыг сүүлийн үед алж, хөнөөх нь хэрээс хэтэрсэн тул үүнийг эсэргүүцсэн, Хазаар Монголчууд болон Монгол Улсын иргэдийн хооронд найрамдалт харилцааг хөгжүүлэе хэмээн мэдэгдэл хийлээ.
“Хөх Монгол” бүлгэмийн тэргүүн Д.Гансүрэн төрийн бус байгууллагуудаас гаргаад буй “Хазар монголчуудаа дэмжицгээе” уриалга, мэдэгдэлийг танилцууллаа. Уг уриалгад “Хазар монголчуудыг алж, хөнөөхийг хууль ёсны арга хэрэглэн эсэргүүцье, Улаанбаатар хоттой ахан дүүсийн найрамдалт харилцаатай болохыг хүссэн Нели хотынхныг сэтгэл зүрхээрээ дэмжье, Хазаруудад сэтгэл санаа, эд материалын тусламж үзүүлье, хоёр талын байгууллагууд бүх талын хамтын ажиллагаа өрнүүлье, Монгол туургатны байгууллагуудын үйл ажиллагаанд Хазар монголчуудыг хамруулья, Хазараас уугуулшигч буюу дүрвэгч, ажиллах хүч, өнчин хүүхэд хүлээж авъя, Хазаруудыг Монгол улсын иргэний баримт бичиг олгон. Дээрх зорилтуудыг биелүүлэхийн тулд өргөн хүрээтэй, олон төсөлтэй тодорхой бодлого боловсруулж дэмжицгээе хэмээн Монголын төр түмэндээ уриалж байна.
“Дэлхийн монголчуудын өв сангийн нийгэмлэг”, “Ногоон хөдөлгөөн”, “Ногоон эвсэл”, “Үндэсний үзэлтэй бүлгэмүүд”, “Даяар Монгол”, “Хөх Монгол”, “Монгол үндэсний сүлжээ”, “Монгол туургатны хуралдай”, “Монгол хас”, “Нэгдмэл Монгол”, “Талын цөөвөр чоно”, “Үндэстэн нэгдэл”, “Хамаг Монгол”, “Цагаан хас”, “Шударга иргэдийн фронт”, “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам”, “Эсгий туургатан” ТББ-ууд, Улаанбаатар хот, 2011 оны аравдугаар сарын 1-н” гэжээ.
Хазар монголчууд гэдэг нь монголчуудын нүүдлэн амьдрах өмнөх хязгаар Афганистан байснаас үүдэн анх үүссэн ард түмэн аж. Сүүлийн үеийн судалгаагаар Хүннүгийн үеэс одоогийн Хазар монголчууд нутаглаж байгаа нутагт Чингис хаан, Хүлүгэн хаан, Төмөр хааны үед олон удаа монголчууд очиж нутагшин амьдарч байснаас үүдэн Хазар монголчууд гэх угсаатан бүрдэх үйл явц нь бүрэлдсэн гэж үздэг аж. Тухайн үед Персжсэн болон Түрэгжсэн монголчууд тэнд олноороо сууж, нутгийн ард иргэдтэй холилдон Хазар гэдэг Монгол туургатан ард түмэн үүсчээ. Харин тэднийг 19-р зууны эцсээр тухайн нутгийнхан биднээс өөр гаралтай хэмээн гадуурхан харгислан хавчих болсон байна. 1950-аад онд Хазаруудын том бослого гарч байсан. Тэгэхэд тэдний нийслэл Панжабиг тухайн үеийн Афганистан улсын удирдлага нь газрын хөрстэй тэгшлэн юу ч үгүй болгож байжээ. Хазарууд өөрсдийн гэсэн үндэсний мужтай байсныг хэсэглэн хувааж өөр мужуудтай нэгтгэн үндэсний цөөнх болгох ажлуудыг хийжээ.
90-ээд онд хазаруудын Баба Мазаари хэмээх сод удирдагч тэднийг эрх чөлөөний хөдөлгөөнд уриалан дуудаж зэвсэгт тэмцлийг өрнүүлсэн ч давуу хүчинд мөхөсдөн амжилт олоогүй аж.
Хазаруудын тухай сүүлийн жишээ гэвэл энэ оны өнгөрсөн тавдугаар сарын 6-нд пуужингын харвалтад долоон хазаар хүн өртөн хүний дотор нялх хүүхэд амиа алджээ. Мөн энэ оны зургадугаар сарын 16-нд Пакистаны спортын байгууллагын орлогч дарга Хазар хүнийг буудан алсан байна. Долдугаар асрын 10-нд цагдаагийн албан хаагч хоёр хазаар хүнийг буудан алж байсан бол энэ сарын 19-нд Хазарын үндэсний эрхийн төлөө тэмцэгчдийн мэдэгдсэнээр сүүлийн хоёр сарын хугацаанд нийт 25 Хазар хүн ялгаварлан гадууохалтаас болж амиа алдлаа хэмээн мэдээлж байжээ. Түүнчлэн есдүгээр сарын 28-нд хазар хүмүүсийн сууж явсан автобусыг дэлбэлж 29 хазар иргэн амиа алдсан харамсалтай хэргүүд гарчээ. Саяхан хазарууд руу дайралт хийж 13 хүнийг амийг хороосон гээд өнөөдрийг хүртэл тэднийг хөнөөх үйл ажиллагаа явагдаж байгааг энэ хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм.
Уг хэвлэлийн бага хурлыг зохион байгуулагчдын зүгээс Хазарууд сүүлийн жилүүдэд ингэж олноороо амиа алдах болсон нь Монгол цус, зүстэйгээсээ болж ялгаварлан гадуурхал, арьсны үзэлд өртөж байна хэмээн мэдэгдсэн юм. Үүнээс үүдэн дэлхийн олон оронд Хазарууд дүрвэсэн бөгөөд одоогоор Иранд хоёр сая, Пакистанд таван мянга гаруй иргэн байдаг гэсэн судалгаа байдаг гэнэ.
Хазарууд ургийн овог, зан заншил, ёс уламжлал гээд монголчуудтай төстэй зүйл тэдэнд их байдаг аж.
Вашингтон хотод саяхан болсон Монгол туургатны 24 дэх удаагийн тайллагад Хазарууд албан ёсоор Чингис хаанаа тахин шүтэх ажиллагаанд оролцжээ.
Хазаруудтай бид нар сэтгэл санаа, эт материалын тусламж үзүүлэх, дүрвэгч авах, цагаач, ажиллах хүч авах, өнчин хүүхэд хүлээж авах, элэгшүүлэх буюу Монгол Улсын иргэний бичиг баримтыг олгож Хазааруудыг хамгаалах, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрүүлэх зэргээр туслах боломж байгаа хэмээн уг хурлын үеэр мэдээлсэн юм. Тус төрийн бус байгуулагын төлөөлөлүүд Хазааруудтай холбоотой байдаг ба тэд зөвхөн тусламж авах бус хөдөө аж ахуй, худалдаа, бизнес, соёл спортын салбарт харилцан солилцоо, ах дүү хот зэрэг чиглэлээр хамтран ажиллах шаардлага байна хэмээн ярьжээ. Хазарууд Монголд доорх тодорхой саналыг дэвшүүлдэг байна. Үүнд, Багахангайн мах комбинатад Сламын стандартаар мах бэлтгэх бололцоотой, цэцэрлэг, тариалан хөгжүүлэх, уул уурхай, барилгын чиглэлд Хазарын мэргэшсэн ажилтан, мэргэжилтэн авчирч ажиллуулах, Перс хивсний үйлдвэр байгуулах, арвай тарьж шар айрагны түүхий эд бэлтгэх, Хазар ресторан байгуулах зэрэг тодорхой саналуудыг дэвшүүлдэг аж.