
Жишээ нь дансандаа 50 сая төгрөгтэй гэсэн тодорхойлолт гаргуулахын тулд гурван сая төгрөгийг мөнгөний “жинхэнэ эзэн”-д төлдөг ажээ. Өөрөөр хэлбэл иргэн Дорж гадаадын аль нэг оронд зорчих зөвшөөрөл авахын тулд, эсвэл барьцаа хөрөнгийн баталгаа хэрэг болоход аль нэг банкинд очиж 50 сая төгрөгийн үнийн дүнтэй данс нээлгэдэг. Маргааш нь иргэн Дорж мөнөөх дансаа хаалгачихдаг. Учир нь Доржид зөвхөн “Өөрийн нэрийн дансандаа 50 сая төгрөгтэй байгаа нь үнэн” гэсэн тодорхойлолт л хэрэгтэй байв. Тиймээс хэн нэгэнд гурван сая төгрөгийн шагнал амлаж, 50 сая төгрөгийг ганцхан хоногийн хугацаатай зээлэх шаардлага байсан. Дэндүү шударга бус наймаа гэдгийг мэдсээр байвч зайлшгүй хэрэгцээ байсан учраас өөр арга байдаггүй. Тэгэхээр 50 сая төгрөгтэй бол хуруугаа ч хөдөлгөхгүйгээр нэг хоногийн дотор гурван сая төгрөг олоод байж болох нь. Гэхдээ хууль зөрчөөгүй, хулгай, залилан, луйвар алиныг нь ч хийгээгүй. Яг энэ тохиолдолд банк ч, мөнгө хүүлэгч ч, Дорж ч буруугүй. Харин цаагуураа хууран мэхлэх үйл ажиллагаа гэдэг нь илт харагдаад байдаг. Ямартай ч үүнтэй тэмцэх хэрэгтэй болж байна. Энэ талаар зарим банкны удирдлагууд эхний ээлжинд банкны дотоод журамд өөрчлөлт оруулах, зохион байгуулалтаа шинэчлэх арга замаар тэмцэж эхэлжээ. Тухайлбал, шинээр данс нээсэн тохиолдолд дансан дахь мөнгөний битүүмжлэлийн хугацааг уртасгах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн байна. Үүний дараагийн арга хэмжээ нь банк хоорондын төлөөллүүд уулзалт зохион байгуулах гэнэ. Ингэснээр банкны үйл ажиллагаанд хохирол учруулж болохуйц эрсдэлийг хамтдаа хэлэлцэх нь зөв арга замыг олох гарц гэж үзжээ. Учир нь сүүлийн үед шинээр данс нээлгэсэн хүмүүс тодорхойлолтоо авмагц, теллер дээр буцаж очоод “Одоо данснаас мөнгөө буцаагаад авъя” гэх болсон нь аль ч банкинд сэжиг төрүүлж, ямар нэг арга хэмжээ авахаас аргагүйд хүргэж байгаа аж. Энэ талаар УИХ-аас хууль санаачилж батлахыг хүлээвэл тэр хооронд ямар ч хохирол амсаж мэдэхээр байна. Тиймээс эхлээд банкны дотоод журмын хүрээнд асуудлыг цэгцэлмээр байна гэдэг дээр санал нэгджээ.
Гэхдээ дансан дахь мөнгөний битүүмжлэлийн хугацааг уртасгах нь шалгарсан сайн арга, зөв шийдэл үү. Нэгэнт банк тодорхойлолт хийгээд өгсний дараа зээлдүүлэгч хувь хүн бас хохирох талтай. Нөгөө талаар тухайн банкинд данс нээлгэсэн иргэнд тодорхойлолт өгөхгүй байх аргагүй. Арилжааны банкны ажилтнуудын уулзалтын үеэр зарим теллертэй ярилцаж үзэхэд голдуу жижиг, дунд бизнес эрхлэгчдийг зээл авахад дансны баталгаат хөрөнгийн тодорхойлолт хэрэгтэй болдог ажээ. Уг тодорхойлолтыг үзүүлээд тухайн банкаасаа, эсвэл өөр аль нэг банкаас зээл авахаар очдог. Нэгэнт банк тухайн иргэнийг банкны харилцах дансан дахь хөрөнгийн тодорхойлолтоо бариад очиход өөр ямар нэг хэлбэрээр шалгах, хувийн дансанд нь нэвтрэх эрх байхгүй. Тиймээс шинээр данс нээлгэгчдийн дансан дахь мөнгийг битүүмжлэх аргыг хэрэглэхийн тулд олон талаас нь нягталж, нарийн төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх хэрэгтэй болж байна. Тэгэхээр дахиад л ямар нэг шинэ хууль санаачилж батлуулахгүй бол мөнгө хүүлэгчдийн бизнес ч өргөжиж, цаашдаа хянах боломжгүй болж мэдэх юм. Дашрамд дурьдахад энэ талаар судалж байхдаа бусдын дансанд мөнгө байршуулж, ашиг олдог Баянзүрх дүүргийн нэгэн иргэнтэй ярилцсан юм. Тэрбээр нэрээ нууцлахыг хүссэн бөгөөд Монголдоо томоохонд тооцогдох хоёр банкны байнгын үйлчлүүлэгч юм билээ.
-Та ийм төрлийн бизнес эрхлээд хэр удаж байна вэ?
-Би 1999 онд БНСУ-ыг зорьж, тэнд ажиллаж, амьдарч байгаад 2009 онд ирсэн. Ирсний дараахан санаанд таарах ажил олдохгүй хэцүү байлаа. Тэгээд зарим хүн ийм аргаар мөнгө олж байгааг мэдээд энэ бизнесийг эрхлэх болсон. Ажлын байрны түрээс, татвар, удирдлагын хараа хяналт, ажлын шаардлага гэхгүй амар л байна. Миний ажлыг цэвэрхнээр тайлбарлавал банкинд дансны баталгаа гаргаж өгөх үйлчилгээ үзүүлдэг гэж хэлж болох юм.
-Гэхдээ шударга бусаар мөнгө олж байна гэдгээ хүлээн зөвшөөрөх үү. Яагаад хуулийнхан энэ үйлдлийг таслан зогсоож чадахгүй байна вэ. Хуулийн цоорхойг овжноор ашиглаж байгаа хэрэг биш үү?
-Хөдөлмөрлөхгүйгээр, шударга бус аргаар мөнгө олж байна гэдгээ хүлээн зөвшөөрч болно. Би болон ийм төрлийн бизнес эрхлэгчид хуулийн ямар ч зүйл, заалтыг зөрчөөгүй. Гэхдээ харилцах дансандаа төдөн төгрөгийн хөрөнгөтэй гэсэн тодорхойлолт гаргуулж байгаа хүмүүст эрсдэлийг нь сайн ойлгуулж хэлдэг.
-Тухайлбал ямар эрсдэлтэй гэж?
-Миний мэдэхийн хоёр хүн ямар ч мөнгөгүй байхдаа надаар тодорхойлолт гаргуулж авсан. Нэг нь Канад улсыг зорьсон. Одоо гэр бүлийнхнээ аваачаад сайхан амьдарч байгаа. Нөгөө нь тодорхойлолтоо гаргуулж аваад, дансаа хаалгаад миний мөнгийг буцааж өгсний дараа тухайн улсын Элчин сайдын яамныхан банкнаас лавлахад данс нь хоосорсныг хэлж өгснөөр гадагшаа явж чадахгүй болсон. Надад төлсөн мөнгөөрөө хохироод үлддэг тохиолдол бий. Үүнийг эхэлж анхааруулдаг. Гэсэн ч хүмүүс азаа сориод үзье, туслаач гэж гуйдаг. Зарим нь ч бизнесийн зээл авах гэтэл давхар зээлтэй байдаг учраас хөрөнгийн эх үүсвэр нь шинэ зээлийн шаардлагад хүрэхгүй, аргагүйн эрхэнд бидэнд ханддаг.
-Нууц биш бол та сард дунджаар хэдэн хүнд тодорхойлолт гаргаж өгдөг вэ?
-Сард 5-6 удаа тодорхойлолт гаргах тохиолдол ч бий. Сүүлийн үед ихэвчлэн гадаад явах гэсэн хүмүүс л хандах болсон.
-Нэг удаа тодорхойлолт гаргахдаа хэдэн төгрөгийн ашиг олдог вэ?
-Жишээ нь 10-30 сая хүртэлх төгрөгийн баталгаа гаргаж өгвөл 2-3 сая төгрөгийн ашиг олдог. Нуулгүй хэлэхэд сард дунджаар 10 гаруй сая төгрөгийн ашиг олдог.
-Энэ мөнгөнөөс банкинд хэдийг төлдөг вэ. Данс нээлгэх тохиолдолд?
-Банк болгон өөр. Гэхдээ тийм ч их зардал гарахгүй. Хамгийн гол нь баталгаа гаргуулах хүмүүс буюу клиентүүдээ олох л амаргүй.
-Хэрэв банкууд данс нээх үнээ нэмээд, хөрөнгийн битүүмжлэлийн хугацааг ихэсгэвэл яах вэ?
-Бизнес бүхэн эрсдэлтэй байдаг. Үүнд банк ч, бид ч буруугүй. Дансны системийн алдаанд суурилсан бизнес учраас үүнийг цэгцэлснээр ийм төрлийн бизнес эцэслэх нь дамжиггүй.
Ийнхүү банкны салбарын алдаан дээрээс ашиг олдог бизнесийн нууцаа задалсан тэрбээр цаашид автомашин худалдах бизнест азаа сорих бодолтой байгаа хэмээсэн юм. Энэ бол энгийн жишээ. Ямартай ч үүнийг цэгцлэх шаардлагатай байна. Бид энэ талаар эргэн сурвалжлах болно.
"Улс төрийн тойм" сонин
