
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн VI хороонд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 20-нд есөн хүний амийг хөнөөж, гэртэй нь хамт галдан шатаасан онц ноцтой хэрэг гарсан. Уг хэргийг эзэн холбогдогч байхгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгоод байсан юм. Талийгаачдын нэг, гэрийн эзэгтэй Б-ийн төрсөн дүү Б.Дэлгэрмаа хэргийг сэргээж дахин шалгуулах хүсэлтээ УЕПГ-т тавьжээ. Гэхдээ хэргийг сэргээн шалгах боломжтой эсэх талаар хариу өгөөгүй байгаа аж. Тэрбээр цагдаагийн ерөнхий газарт талийгаачдын ар гэрийнхэнд нөхөн олговор олгох, хохирол барагдуулах боломж байгаа эсэх талаар ч хандсан байна. Гэвч хохирол барагдуулахтай холбоотой хуулийн төсөл хараахан батлагдаагүй, дээрх асуудлыг шийдвэрлэх байгууллага нь Цагдаагийн ерөнхий газар биш гэдгийг албаныхан хэлж байна. Талийгаач эмэгтэй Б-ийн төрсөн дүү Б.Дэлгэрмаа “Хэргийг ганц хүн үйлдээгүй байх. Ямар нэгэн гадны нөлөө байхыг үгүйсгэхгүй. Тиймээс хэргийг хуулийн байгууллагаар дахин шалгуулах хүсэлтэй байна” гэжээ.
С.Отгон