Шинэ хуулийн төсөл цагдаагийн байгууллагыг шинэчлэх үү

Хуучирсан мэдээ: 2011.10.12-нд нийтлэгдсэн

Шинэ хуулийн төсөл цагдаагийн байгууллагыг шинэчлэх үү

1990 он. Монголын нийгэм, эдийн засаг гээд бүхий л салбарт шинэ давалгаа, шинэ өөрчлөлт бий болсон. Энэ давалгаагаар Монголын цагдаагийн байгууллага анх удаагаа өөрийн хуультай болсон. Социализмын үед зөвхөн дүрэм, журмыг хууль хэмээж байсан тус байгууллага өөрийн эрх зүй, үүрэг, алба хаагчдын байдал зэргийг нарийн тусгасан хуультай болжээ. Анхны хуулийн төслийг нь “1993 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр УИХ-ын дарга Н.Багабандийн гарын үсэгтэйгээр баталж байжээ. Уг хуулийг мэргэжилтнүүд сайн хууль болсон хэмээн үздэг аж. Гэвч нийгэм цаг үе өөрчлөгдөхтэй уялдаад тус хуульд 1995 оны аравдугаар сарын 7-оос 2003 оны арваннэгдүгээр сарын 17-ны хооронд нийт 13 удаа нэмэлт засвар хийж байжээ. Харин өнгөрсөн оны хавар Цагдаагийн байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан байна. Одоогоор энэ хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна.

Энэ талаар хуулийн төслийн ажлын хэсэгт багтсан ЦЕГ-ын хуулийн хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа Ж.Ганбаатараас тодрууллаа.

-Цагдаагийн байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-д өргөн барьсан. Яагаад өөрчлөх болов?

-Монгол Улсын эрх зүйн ши­нэтгэлийн хүрээнд нийгмийн бүх салбарын хуульд нэмэлт өөрчлөлтүүд хийж байна. Цаг­даагийн байгууллагын тухай хуулийг 1993 онд баталснаас хойш олон удаа нэмэлт өөрчлөлт оруулж байсан ч одоо болон ирээдүйд хууль сахиулах, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг зохи­цуулахад нэ­мэлт өөрчлөлтүүд хийх шаардлагатай болсон юм. Нийгмийн харилцаа өргөжин тэлж, эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа энэ цаг үед шинээр хуульчлах шаардлагатай зүйл олон байна. Тухайлбал, цагдаагийн байгууллагын үүргээ хэвийн гүйцэтгэхэд нөлөөлөх тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг хөгжүүлэх гээд олон хүчин зүйл шинэ хуулийн төслийг санаачлахад нөлөөлсөн гэж ойлгож болно.

-Цагдаагийн зохион бай­гуу­лалтын бүтцийг өөрчлөх эрх зүйн үндсийг уг хуулийн төсөлд хэрхэн тусгасан бол?

Хуулийн төсөлд цагдаагийн байгууллагын тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг хэт нарийвч­лахгүйгээр цаашид үүргээ гүйцэтгэх шаардлагын хэмжээнд өөрчлөгдөж байхад “хуулийн зүйл” саад болохгүй байхаар тусгасан байгаа. Мөн цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн цаашид хөгжүүлж байхаар зохион байгуулалтын бүтцийг тусгасан. Нэгдүгээрт, хууль өөрөө хэрэгжих боломжтой, хэт нарийвчлалгүй, үзэл баримтлал нь тодорхой байх гэсэн хууль бүтэхэд баримталдаг зарчмууд байдаг. Түүнийг баримталсан хэ­рэг. Хоёрдугаарт, цагдаагийн бай­гууллагын зохион байгуулалтын тогтолцооны хувьд өөрчлөлт оруул­­сан. Өөрөөр хэлбэл, орчин үеийн цагдаагийн байгууллагын үндсэн гурван шинжид хүлээсэн үүрэг буюу үйл ажиллагааны зорилго нь тодорхой байх учиртай. Эдгээр шаардлагыг хангах хэмжээнд цаг­даагийн байгууллагын тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг хуулийн төсөлд тусгасан.

-Өмнөх найман бүлэгтэй хуулийн бүлэг, зүйл гээд бүтцэд ямар шинэ өөрчлөлтүүдийг хийв?

-Одоогоор хуулийг, УИХ-аар батлаагүй учраас нарийвчлан хэлэх боломжгүй байна. Ерөнхийдөө дээр дурьдсан цагдаагийн бай­гууллагын тогтолцооноос гадна  цагдаагийн албан хааг­чдын үйл ажиллагаанд хүний эрх хангах талаар тодорхой зүйлийг хуульчлахаар тусгасан, цагдаагийн байгууллага, алба хаагчдын үйл ажиллагааг, эрх, үүргээ хэрхэн хэрэгжүүлэх талаарх   заалтуудыг тусгаж өгсөн. Цагдаагийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэх үедээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу галт зэвсэг тусгай хэрэгсэл хэрэглэх заалтуудыг мөн тусгаж өгсөн зэрэг шинэлэг зүйл олон байгаа.

Монгол Улсад 400 гаруй хууль тогтоомжууд байдаг. Үүнээс  90 га­руй нь Цагдаагийн байгууллагын тухай байдаг аж. Манай улсын цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа сайжирч байгаа ч цагдаагийн эрхзүй, нийгмийн хангамжийн орчин дутмаг байдаг. Бид нийслэлийн  Чингэлтэй  дүүр­гийн цагдаагийн хэлтэсийн ахлах дэслэгч Б.Энхбаяраас энэ талаар саналыг нь асуухад “Манайх хууль эрхзүйн орчноо сайжруулж байгаа хэдий ч цагдаагийнхны нийгмийн асуудал маш хүндхэн байгаа шүү дээ. Мөн амьдрал дээр цагдаагийн ур чадвар маш дутмаг. Зэвсэг болон бие хамгаалах хэрэгслэл хэрэглэх эрх зүйн орчин сайн бүрдээгүй байна” гэсэн юм.

Л.Баатархүү

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж