МУИС-ийнхан санхүүгийн алдагдлаа биднээр төлүүлэх нь

Хуучирсан мэдээ: 2011.10.12-нд нийтлэгдсэн

МУИС-ийнхан санхүүгийн алдагдлаа биднээр төлүүлэх нь

Оюутнуудаа эрхлүүлсэн МУИС-ийнхан санхүүгийн алдагдлаа биднээр төлүүлэх нь

Цагтаа УИХ-ын дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдын суудалд заларч явсан С.Төмөр-Очир одоо МУИС хэмээх "вант улс"-ын эзнээр өргөмжлөгдөөд байгаа.

Тиймээс тэрбээр МУИС-ийн захирлын суудлаа хамгаалж үлдэхийн тулд оюутнуудынхаа шаардлагыг хүлээн авч сургуулийнхаа санхүүгийн алдагдлыг татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргуулахаар болсон тухайгаа тойруу утгаар зарлаад амжсан. Өөрөөр хэлбэл, төрийн өмч эзэнгүйдэхийн жишээг тод томруунаар харуулж чадлаа.

МУИС-ийн оюутнууд өнгөрсөн долоо хоногт сургуулийн захиргаандаа арван хүсэлт бүхий шаардах бичиг хүргүүлсэн. Тэд "хичээлийн зарим байрны засвар үйлчилгээг яаралтай дуусгах, дахин сурах хичээлийн кредитийн төлбөрийг хөнгөлөх, сургалтын үйлчилгээний төлбөр хураамжийг багасгахыг шаардсан.

Мөн "Сургалтын төлбөрийн нэмэгдлийг ил тод болгох, оюутны дотуур байрны нөхцлийг сайжруулж, интернэтэд холбох, сургалтын орчин сайжруулах зэрэг асуудлыг яаралтай шийдэж сурах орчинг бүрдүүлж өгнө үү. Эс бөгөөс бид тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, сургуулийн ректорыг огцруулах хүртэл хэмжээнд шаардлага тавих болно" хэмээсэн юм.

Оюутнууд сургуулийнхаа удирдлагад үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэн шаардлага тавих эрхтэй. Энэ бол ардчилсан нийгэмд байх л ёстой үзэгдлүүдийн нэг. Харин тэдний шаардлагыг шууд хүлээн авч зах зээлийн дүрмийг зөрчих эрх ямарваа нэгэн сургуулийн захиралд бий болов уу.

Хувийн их, дээд сургуулийн удирдлагад сургуулийнх нь оюутнууд дээрх шаардлагыг тавьсан бол удирдлагын зүгээс ямар хариу үйлдэл хийх байсныг тааж ядах зүйлгүй. Удирдлагууд нь оюутнууддаа "Энд сурах дургүй бол өөр сургуульд очиж сур. Та нараас өөр манай сургуульд суралцах оюутан олдож л таарна" гэж хэлээд л амыг нь таглах байсан даа.

Оюутнууд нь ч тэгсхийгээд л өнгөрөх байсан биз. Учир нь оюутнуудынхаа хэрээс хэтэрсэн шаардлагыг биелүүлэхийн тулд сургуулийнхаа төсвийн дансыг улайлгах нэг ч захирал зах зээлийн энэ нийгэмд байхгүй гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз.

Гэтэл улсын сургуулийн удирдлагууд хувийн сургуулийнхнаас өөр аж. "МУИС-ийн удирдлага болон Оюутны зөвлөлийн төлөөлөл хамтран хуралдсаны үр дүнд бүх асуудлыг оюутнуудын давуу эрхийн дор шийдвэрлэсэн" хэмээн тус сургуулийн удирдлагууд өнгөрсөн даваа гарагт мэдээлэл хийсэн. Үүний ачаар тус сургуулийн Оюутны зөвлөлийнхөн тун ч додигор байгаа. Тэд дахин судлах хичээлийн төлбөрийг бүх оюутан бүтнээр нь төлдөг байсныг болиулж, нэгдүгээр дамжааныхныг л бүтнээр нь төлүүлэхээр тохиролцсон аж.

Мөн оюутны дотуур байрны жилийн төлбөрийг ирэх хоёр жил нэмэлгүй, 250 мянган төгрөг хэвээр нь байлгахаар зөвшилцөлд хүрсэн гэнэ. Тэгэхээр МУИС-ийн цахилгаан, дулаан, усны төлбөрийг төлдөг байсан татвар төлөгчдийн нуруун дээр дахин нэг ачаа нэмэгдэх нь ээ.

Арай хатуугаар хэлбэл МУИС-ийн ректор суудал дээрээ үлдэхийн тулд оюутнуудаа эрхлүүлсний төлөөсөнд гарах зардлын зөрүүг ойрын жилүүдэд татвар төлөгчдийн халааснаас гаргана гэсэн үг. Төрийн сургууль учраас төр бүх л алдагдлыг нь нуруун дээрээ үүрэх ёстой. Энэ жил МУИС-ийн орчин, нөхцлийг сайжруулахад зориулж өмнөх жилийнхээс зургаа дахин их буюу 1.5 тэрбум төгрөгийн зардал гарсан тухай тус сургуулийн Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн проректор Б.Даваасүрэн хэлсэн.

Тэгвэл энэ тоо ирэх жилүүдэд улам нэмэгдэх нь ойлгомжтой. Зөрүү нь бидний халааснаас гарна. Бидний төлж буй татвар иймэрхүү л зүйлсийг санхүүжүүлж байна. Гэтэл бид улсын эмнэлэгт хэвтэж, эмчлүүлж чаддаг билүү.

Хэрэв С.Төмөр-Очир захирлын хувийн эзэмшлийн "Хангай" дээд сургуулийн оюутнууд дээрх шаардлагыг гаргасан бол ийм амжилтад хүрч чадахгүй л байсан болов уу. Тэрбээр тэнэг биш болохоор өөрийн хөрөнгийг тэгж үрэн таран хийхгүй нь ойлгомжтой. Харин МУИС бол төрийн өмч. Тиймээс санхүүгийнх нь алдагдал, зөрүүг нь улсаас гаргах естой. Сургуулийн захиралд хамаагүй, Тийм үү, С.Төмөр-Очир захирал аа.

Энэ хооронд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал асан, Монгол Улсын гавьяат хуульч С.Нарангэрэл гэхэд л ректорынхоо тухай баахан таагүй мэдээлэл цацаж байгаад албан тушаалаа өгсөн. Тэрбээр зориг гарган "С.Төмөр-Очир улсын өмчийг шамшигдуулдаг. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн захиалгаар Хууль зүйн сургуулийн захирлын албан тушаалаас намайг огцруулах оролдлого хийсэн байхыг үгүйсгэхгүй" зэргээр хэвлэлд ярилцлага өгсөн ч нөхцөл байдал С.Төмөр-Очирын талд эргэв. Энэ бүхний үр дүнд МУИС-ийн ректор болон оюутнууд зорьсондоо хүрч, С.Нарангэрэл гавьяат, төр хоёр л будлианы эзэн болж үлдэх шив.

Р.Сарангоо

Зохиогчийн эрх: "Улстөрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж