
Өрийн хямралыг арилгах яаралтай арга хэмжээ авах талаар хэлэлцэж буй Европын сангийн сайд нарыг Словакийн эсэргүүцэл сандаргаж орхижээ. Словак Европын холбооны гишүүн 17 орноос Европын санхүүгийн тогтвортой байдлын сан байгуулахыг эсэргүүцэж буй цорын ганц орон болж байна. Өчигдөр буюу мягмар гаригт Словакийн парламент Европын санхүүгийн тогтвортой байдлын сан байгуулахад оролцох асуудлаар санал хураалт явуулж, дийлэнх нь татгалзсан санал өгчээ. Харин үүний дараа Словакийн Ерөнхий сайд Ивета Радикова албан тушаалаасаа огцрох болж байгаа юм. Шинэ Засгийн газар дээрх асуудлаар хоёр дахь удаа санал хураалт явуулж магадгүй гэж Словакийн парламентийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Европын санхүүгийн тогтвортой байдлын сан байгуулах нь банкуудын тогтолцоог сайжруулж, Грек болон Евро бүсийн бусад орнуудын өрийн хямралыг арилгахад чухал алхам гэж Европын сангийн сайд үзэж байгаа юм. Өнгөрсөн долдугаар сард Европын холбооны сангийн сайд нар банкуудад Европын тогтвортой байдлын 440 тэрбум еврогийн сан бүрдүүлэхээр гэрээ байгуулсан. Уг сангаар дамжуулан Португаль, Ирланд зэрэг орнуудад санхүүгийн тусламжийн зээл олгосон юм. Харин Грек улсад хоёр дахь удаа 109 тэрбум еврогийн зээл олгох асуудлыг хэлэлцэж байгаа билээ. Словакийн Эрх чөлөө, эв нэгдэл намын дарга “Европын санхүүгийн тогтвортой байдлын сан бүрдүүлэхийг Словакууд дэмжихгүй. Бид Словакийн татвар төлөгчдийн мөнгийг хамгаалах ёстой” гэжээ.