Энэ сарын 15-наас дулаарна

Хуучирсан мэдээ: 2011.10.12-нд нийтлэгдсэн

Энэ сарын 15-наас дулаарна

Цаг агаар өчигдрөөс хүйтэрч эхэллээ. Харин өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар цас орох юм байна. Хүмүүс энэ жил налгар намар болж байна гэлцэх. Тэгвэл энэ сард цаг агаар ямар байх талаар талаар Ус цаг уур, орчны хүрээлэнгийн цаг уурын  инженер Х.Сарантуяагаас тодрууллаа.

-Ойрын өдрүүдэд хүйтэрч цас орно гэсэн үү?

-Өнөөдрөөс эхлэн нийт нутгаар хур тунадас орно. Өмнөговь, Өвөрхангай гээд нутгийн өмнөд хэсгээр 14-нд цас орно. Тиймээс малчид, иргэд цаг агаарын нөхцөл байдлын талаар мэдээлэл сайтай байж анхаарах хэрэгтэй.  Цас орохоос гадна говийн аймгийн зарим нутгаар шороон болон цасан шуурга шуурна. Зарим газраа 16 метр секунд хүртэл ширүүсч болзошгүй байгаа. Өнгөрсөн өвөл өдийд цас орчихсон байсан. Оройтож өвөл болж байгаа болохоор энэ сараас эхлэн ер нь бол цас орж эхэлнэ. Хангайн нутгаар -14 хэм хүртэл, говиор -15 хэм, бусад нутгаар -5-10 хэм хүрч хүйтэрнэ.

-Цаашид цаг агаар ямар байх төлөвтэй байна вэ?

-Нийт нутгаар өнгөрсөн сараас эхлэн цас орж эхэлсэн. Хамгийн анхны цас Говь-Алтай аймагт орсон. Түүнээс хойш Алтай, Хангайн нутгаар уулаараа цас орж хүйтний эрч чангарсан. Өнгөрсөн жилүүдийг бодвол энэ жил хүйтэн байх төлөвтэй байгаа ч цаг агаарын төлвийг бид сар сараар нь гаргадаг болохоор хэтийн төлвийг сайн хэлж мэдэхгүй. Байгаль цаг уурын араншин яаж ч өөрчлөгдөж мэдэх шүү дээ. Өнөө шөнөдөө /өчигдөр/ баруун талаасаа цас орж эхэлж байна. Тэгээд төв, говь, зүүн аймагт цас орно. Гэхдээ энэ сарын 15-наас эхлэн цаг агаар эргээд дулаарахаар байна. Бүр их дулаарахгүй ч ер нь бол өмнөх жилүүдийг бодвол дулаахан байхаар байна. Өнгөрсөн  сард орсон цасны хэмжээ 0-9 мм, Архангай, Завхан, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дундговь, Дорноговь, Өмнөговийн зарим сумдын нутгаар 10-19 мм, их орсон газартаа 20-45 мм цас хүрсэн. Гэхдээ өнгөрсөн жил олон жилийн дунджийг бодвол бага цас орсон.  Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Дорноговь, Өмнөговийн зарим нутгаар их цас орсон.

-Энэ өвөл өмнөх жилүүдийг бодвол хүйтэрнэ гэсэн?

-Ер нь бол хүйтэрнэ. Гэхдээ 2009 онд хүйтэрсэн шиг хүйтрэхгүй л дээ. Өвлийн дунд сар буюу нэг, хоёрдугаар сард хүйтний эрч эрс чангарч, цас ихтэй байхаар байна. Өнгөрсөн жил өвлийн дунд сард Алтайн уулс, Хангай нутгаар -40-45 гардус хүрч хүйтэрсэн. Энэ жил ч мөн адил тийм байх л төлөвтэй байна.

-Цаг уур, орчны хүрээлэнгийн газар цаг агаараас гадна уур амьсгалын өөрчлөлтийг судалдаг. Дэлхийн дулаарал манай улсад ямархуу нөлөө үзүүлж байна вэ?

-Монгол орны газарзүйн  байршил, эмзэг экосистем, ард түмний амьдралын хэвшил, эдийн засгийн тогтолцоо зэргийг харвал уур амьсгалын өөрчлөлтөд тун эмзэг. Энэ байдлыг далайн эрэг хавийн нам дор газар нутагтай  адилтгаж болохоор юм. Монгол туургатан бэлчээрийн аргаар мал аж ахуй эрхэлж олон мянганыг элээн өнөөг хүрсэн боловч мал аж ахуйн байгаль, цаг уурын нөхцлөөс үүдсэн эрсдэл бараг хэвээрээ байна.Уур амьсгалын загварын тооцооны үр дүн болоод сүүлийн 2000 шахам жилийн модны цагиргийн жил жилийн өсөлтийн явцаас харахад сүүлийн 40-өөд жилийн дотор Монгол нутагт ажиглагдаж байгаа, цаашид ойрын хэдэн арван жилд нүүрлэж ирэхээр байгаа уур амьсгалын өөрчлөлт бол  бэлчээрийн мал аж ахуй эрхэлж ирсэн хэдэн мянган жилийн түүхэн хугацааны дотор тохиолдож байгаагүй  тийм өөрчлөлт гэж үзэж болохоор байгаа. Тиймээс экологийн болон эдийн засаг-нийгмийн үр дагавар ч мөн ноцтой байх болно.

Ш.Чимэг

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж