
Монголын эмэгтэйчүүдийн отгон байгууллага болох “Монгол хатан ухаан” танхим сая Төрийн ордонд нээлтээ хийлээ. Энэ тухай тус танхимын тэргүүн, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа “Үгүйлэгдсэн ухаан” хэлэлцүүлэг дээр зарласан юм. Хэдийгээр Монголын эмэгтэйчүүд өрх гэр, албан байгууллагадаа гол ачааг үүрч яваа ч төр, засгийн төлөөллийн болон эх орны амьдрал, ирээдүйтэй холбоотой шийдвэр гаргах төвшинд бүсгүйчүүдийн оролцоо маш бага байгаа тул тус танхимынхан монгол хатан ухааныг охид, эмэгтэйчүүдэд эзэмшүүлж төр, нийгэмд тэдний оюунлаг, ухаалаг оролцоог нэмэгдүүлэх зорилтыг өмнөө тавьжээ.
Тус танхимынхан өнө эртнээс улбаатай Монгол хатан ухааныг шинжлэх ухааны үндэстэй судлан гаргаж ирэх, сурталчлан таниулах, жендэрийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах, улстөрчдөд эрт үед монголчууд хатан ухааныг ашиглаж байсан үзэл, онол, түүхэн уламжлалыг таниулах ажил хийх юм байна.
Д.ОЮУН