Олон улсын банкуудыг татахыг чухалчилж байна

Хуучирсан мэдээ: 2011.10.12-нд нийтлэгдсэн

Олон улсын банкуудыг татахыг чухалчилж байна

Standard&Poor’s үнэлгээний компани өнгөрсөн сарын сүүлээр Италийн арилжааны 7  банкны зэрэглэлийг А+ зэрэглэлээс А болгож бууруулснаа зарласан нь багагүй шуугиан тарьж байна. АНУ-ын зээлжих эрхийг бууруулж байсан S&P-гийнхэн Италийн арилжааны банкуудын зэрэглэлийг бууруулаад зогсохгүй байх хэмээн ажиглагчид үзэж байна. Цаашлаад Ирланд, Испани гээд зарим улсын банкуудын зэрэглэл буурч болзошгүй гэсэн таамаглал хүчээ аваад байгаа юм. Энэ нь Европын улсуудын өртэй холбоотой бөгөөд арилжааны банкууд Засгийн газруудынхаа бондыг багагүй хэмжээгээр худалдан авсан нь банкуудад хүндхэн тусч байна.
Европт банкууд нь түвэгтэй байдалд ороод байгаа бол Монголд харин эсрэгээрээ банкны сектор хямралаас бүрэн гарч чадсан хэмээн Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Б.Лхагвасүрэн онцлон мэдэгдэв. Тэрбээр “Одоо бид дараагийн шат буюу өсч тэлэх, хөгжих зам руу баттай орлоо гэдгийг онцгойлон дурдахыг хүсч байна” хэмээн нэмж хэлсэн. Түүний мэдээлснээр Монголын банкны сектор ихэнх үзүүлэлтээрээ 2008 оны хямралын өмнөх үеийнхээс илүү гарсан, зарим үзүүлэлтээр Европын холбоо, “Их 20”-ын улсуудын банкны сектороос давсан үзүүлэлттэй байгаа юм.

Монгол улсад нийт 14 арилжааны банк 1181 салбараар давхардсан дүнгээр 5.1 сая харилцагчид үйлчилдэг бөгөөд Монголын санхүүгийн зах зээл банк ноёлсон зах зээл. Нийт санхүүгийн салбарын 96 хувийг нь 14 арилжааны банк нуруун дээр үүрч байгаа. Тийм ч учраас өнгөрсөн хямралд банкны сектор өртөхөд улсын эдийн засаг хүнд байдалд орж байв.

Харин өнөөдөр банкуудын байдал ихээхэн дээрдэж, нийт актив нь 5 тэрбум ам.доллар давсан нь ДНБ-ий 71.3 хувийг эзэлж байна. Иргэдийн хадгаламж 3.5 их наяд төгрөгт хүрсэн нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 60 хувиар өсчээ. Хямралын үед зогсонги байдалд орсон зээл 2010 оноос сэргэж, 2011 оны зургадугаар сард 4.5 их наяд төгрөгт хүрэв. Чанаргүй зээл 2008 онд 500 тэрбум төгрөг байсан бол одоо 200 гаруй тэрбум болтлоо буурсан байна.

Өөрийн хөрөнгийн хэмжээ бараг 700 тэрбум төгрөг давж хямралын өмнөх үетэй харьцуулахад бараг хоёр дахин нэмэгджээ. Мөн банкуудад төлбөр түргэн гүйцэтгэх чадвар өндөр байгаа бөгөөд олон улсын стандартад 18 хувиас доошгүй байвал сайн байдаг бол манайд 40 хувьд хүрээд байгаа аж. Хямралын үед бүх банк алдагдалтай ажиллаж байсан бол 2011 оны хоёрдугаар улиралд банкуудын ашигт ажиллагаа хямралын өмнөх үедээ очсон байна. Энэ нь санхүүгийн салбарын тогтвортой байдлын баталгаа гэдгийг Төв банкныхан онцолсон. Банкны секторын дархлааг сайжруулах үүднээс шат дараатай олон арга хэмжээ авч байгаагийн нэг нь өнгөрсөн долдугаар сард арилжааны банкуудын дүрмийн сангийн доод хэмжээг наймаас 16 тэрбум төгрөг болтол нэмэгдүүлж, 2013 оны тавдугаар сар гэхэд биелүүлэхийг шаардсан шийдвэр. Өнөөдөр ихэнх банкууд дүрмийн сангаа тогтоосон хэмжээнд хүргэсэн, зарим нь даван биелүүлээд байгаа юм.

Нөгөөтэйгүүр банкны системийг дотооддоо харьцуулж үзэхээсээ илүү олон улстай харьцуулж үзэхэд нэлээд эерэг үр дүн гарч байна. Санхүүгийн тогтвортой байдлын үзүүлэлтүүдээр Европын холбооны улсууд болон “Их-20”-ын улсуудтай харьцуулахад ямар байна вэ?

 

Үргэлжлэлийг ММJ сэтгүүлийн аравдугаар сарын дугаараас уншина уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж