Польш “байр сууриндаа” үлдэв

Хуучирсан мэдээ: 2011.10.12-нд нийтлэгдсэн

Польш “байр сууриндаа” үлдэв

Польшийн ерөнхийлөгч болон ерөнхий сайдын “Иргэний байрь суурь” нам нь  парламентын сонгуулиар сөрөг хүчний Ярослав Качиньскийн намаас долоон хувийн саналаар илүүрхэн ялалт байгууллаа. Энэ ялалт нь коммунист үеийн дараах Польшид сонгуулийн дүнгээр албан тушаалаа хадгалан үлдсэн дээд амжилтыг ерөнхий сайд Дональд ийнхүү Тускт тогтоож байна.     
   
 Өнгөрсөн ням гаригт Польшид явагдсан парламентын сонгуулийн дүнг гаргаж байна. Саналын хуудсын ихэнхийг тоолсны дараа Улсын сонгуулийн комисс ерөнхий сайд Дональд Туск, ерөнхийлөгч Бронислав Коморовский нарын толгойлдог эрх баригч “Иргэний байрь суурь” нам 37,5 хувийн саналаар олонх болсныг зарлав. Тэдний гол өрсөлдөгч болох “Эрх зүй, шударга ёсны” нам ойролцоогоор долоон хувийн саналаар хоцорчээ. Тус намыг Смоленскийн ойролцоо онгоцны ослоор амь үрэгдсэн ерөнхийлөгч Лех Качиньскийн ихрийн өрөөсөн Ярослав Качиньски толгойлдог юм. Сонгогчдын оролцоо доогуур байсан ч энэ сонгуулиар “ардчилалын эв нэгдэл” Польшид хэрхэн  явагдаж байгааг харууллаа гэж “Reuters” агентлагт Варшавын их сургуулийн улс төр судлаач Яцек Рациборский мэдэгдсэн байв.

Сонгуулиар өрсөлдөгч нар хоорондын зай нь богиносон ч 2007 онд тохиож байсан саналын зөрөөгөө давтжээ. Тэр үед Тускийн нам 41,5 хувийг, Качиньскийн нам 32 хувийг тус тус авсан байв.  Ахынхаа дараа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Качиньски 2010 оны зургадугаар сарын сонгуулиар 47 хувийн санал авсан ч Коморовскийд зургаан хувийн саналаар ялагдсан билээ.

“Иргэний байрь суурь”, Эрх зүй, шударга ёс” намуудаас гадна “Паликотын хөдөлгөөн” (9,8%), ерөнхий сайдын орлогч Вальдемар Павлякийн PSL (9,51%) ба Зүүний ардчилсан хүчний холбоо (8,24%) зэрэг гурван нам парламентад суудалтай болов.

Польшийн хуулиар сонгуулийн дараа ерөнхийлөгч нь парламентын суудалтай намын дарга нарын нэгд Засгийн газар байгуулах санал тавьдаг. Юуны өмнө Туск, Коморовский хоёр PSL-тай эвсэл байгуулах байх, тэр нь эрх баригч намд Засгийн газар байгуулах үүргийг  авчирна. Тэгэхээр коммунист дэглэм Польшид унаснаас хойш хоёр дахь удаагаа дараалан Засгийн газрыг толгойлох анхны хүн нь Дональд Туск болох юм. Тэрээр гурав дахь удаагаа томилогдохгүй гэдгээ хэлээд амжив.

“Бидний төлөө саналаа өгсөн хүн бүрт баярласнаа илэрхийлэхийг би хүсч байна. Бас бидний төлөө саналаа өгөөгүй хүмүүст ч талархаж байна. Учир нь бид хамтдаа дахин дөрвөн жилээр Польшийн төлөө хариуцлага үүрэх болно” хэмээн экзит-поллын дараа Тускийн хийсэн мэдэгдлээс “Reuters” иш татсан байна. Тэрээр өнгөрсөн дөрвөн жил Польшийн хувьд хоосон өнгөрөөгүйг энэ сонгууль харууллаа гэж хэлжээ.

Харин Коморовский байр сууриа хадгалан үлдсэн нь Засгийн газар байгуулах хугацааг аль болохоор багасгана гэж үзэв. “Ноёд, хатагтай нараа, эрт орой хэзээ нэгэн цагт бид ялна гэдэгт би итгэлтэй байна. Бидний талд үнэн байгаа болохоор бид ялна” хэмээн ялагдлаа хүлээн зөвшөөрсөн Качиньски мэдэгджээ.

Энэ сонгуулийн дүнгээр Оростой харьцах Польшийн харилцаа статус-квогоо хадгалан үлдэж байна. Өмнө нь хэрэв Качиньскийн нам ялсан бол Варшав ба Москвагийн харилцаа хүйтэрнэ гэж шинжээчид хэлж байлаа. Туск Оростой харилцаагаа сайжруулахын төлөө ягуу тууштай ажиллана гэсэн бол Качиньский “Польштой үнэнээсээ ярилцах хэрэгтэй” гэдгийг Москвад ойлгуулж өгнө гэсэн байв.

Ш.МЯГМАР

"Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж