
Дэлхийн II дайны үед Зөвлөлт ах нараа өмөөрсөн монголчуудын сэтгэлд “Гитлерийн Герман” гэсэн тааруухан нэрээр цоллуулж, 1945 оноос хойш 1990 онд хоёр Герман нэгдэх хүртэл “зүүн нь манай найз, баруун нь социализмын дайсан” гэсэн үзлээр хэсэг манаргасан. Гэхдээ л оросын дараа хэлийг нь монголчууд хамгийн сайн мэддэг орны нэг Герман юм. ХБНГУ–ын Холбооны Ерөнхийлөгч асан Р.Херцог 1998 оны намар Монголд айлчлахдаа монголчуудын герман хэлний мэдлэгийг гайхаж байсан удаатай.
Монголын ардчиллыг барууны орнуудаас хамгийн түрүүнд дэмжсэн орон бол ХБНГУ. Ардчилалд хөл тавьсан анхны жилээс эхлээд Конрад Аденауэрын, Фрийдрих Эбертийн, Ханнс Зайделын гээд улс төрийн сангууд Монголын шинэ, хуучин улс төрийн намууд, төр, засгийн байгууллагатай хамтран ажиллаж шинэ нийгэмд хөлд ороход тулж түшсэн юм. Одоо ч хамтран ажилласаар байна. ХБНГУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 1991-2009 оны хооронд нийт 268,4 сая гаруй еврогийн хөгжлийн албан ёсны тусламж олгожээ. Ингэснээр нэг хүнд оногдож буй тусламжийн хэмжээгээрээ Монголд хандивлагч орнуудын дотор Японы дараа хоёрт орж буй. Үүнээс 113,6 сая евро нь хөнгөлттэй зээл, 103,6 сая нь төслийн шугамаар олгосон буцалтгүй тусламж юм. НАТО-гийн орнуудаас АНУ-ын дараа ХБНГУ Монгол Улстай цэрэг батлан хамгаалахын салбарт идэвхтэй харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлж байгаа. Энэ бол хоёр орны шинэ шатны харилцааны зөвхөн өчүүхэн хэсэг. ХБНГУ-д 2010 оны байдлаар албан ёсоор Монгол Улсын 4100 орчим иргэн оршин суудгаас 830 нь оюутан, тэд үндсэндээ Берлин, Штуттгарт, Мюнхен, Нюрнберг зэрэг хотод төвлөрдөг ажээ.
Ийм дотно харилцаатай орны Засгийн газрын тэргүүн, дэлхийн хүчирхэг эмэгтэй улстөрчдийн нэг А.Меркел Монголд айлчлахаар ирж байна. Физикч мэргэжилтэй, доктор цолтой, Ардчилсан Германы угшилтай, бага залуу насаа социалист нийгэмд өнгөрөөсөн, Ардчилсан Германы Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч явсан хатагтай А.Меркел Холбооны Германы хатуу зарчимч баруун хэсгийнхний итгэлийг хүлээж Эмэгтэйчүүд, залуучуудын асуудал эрхэлсэн сайдаас эхлэн канцлер хүртэл явсан нь түүний зүтгэл чармайлтыг илтгэнэ.
Түүний айлчлалаас олон зүйл хүлээж басхүү олон сураг ажиг хөвөрч буйн нэг нь германчууд Монголын ашигт малтмалын баялгаас хувь хүртэх явдал гэдэг гарцаагүй. Чухам тийм шалтгаанаар дэлхийн томчууд Монгол тийш цуварч буй цаг. Монголын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцыг ямар хэлцлээр Германы тал сулласны учиг гогцоо ч айлчлалын үеэр тодрох магадлалтай гэсэн яриа гарсан. Ямартай ч дэлхийн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг хатагтай Ангела Маркелийн айлчлал ойрын үеийн содон сонин үйл явдлуудын нэг болох нь тодорхой.