Газрын тухай хуулийг хэлэлцэхийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

Газрын тухай хуулийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Газрын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, улмаар ажлын хэсэг байгуулан ажиллахаар боллоо. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Су.Батболд ахална. УИХ-ын гишүүдийн хувьд дээрх хуулийн төсөлтэй холбоотойгоор олон санал дэвшүүлсний дотор зарим нэг нь дагуул хот байгуулах асуудлыг Газрын хуультай холбох ёстой гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр, дэлхийн өндөр хөгжилтэй орнууд олон жилийн турш шүтэж ирсэн онгон байгалиа тэр чигээр нь хадгалж хот, тосгодынхоо хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг гаргаж тэр дагуу дэд бүтцүүдээ байгуулсан байдаг тул энэхүү олон улсын жишиг рүү орох ёстой гэсэн санааг ч тодотгож байна. Энэ бүхнийг хуулийн төслийг боловсруулах шатанд ажлын хэсгийнхэн нэлээд сайн тусгах үүрэг хүлээж авлаа.

Мөн УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн хувьд аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж байгаа газрыг тухайн хуулийн этгээдэд нь эзэмшүүлэх талд төр тодорхой шийдвэр гаргах ёстой гэж үзэж байна. Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар газар нь улсын өмч гэж заасан байдгаас шалтгаалж өнөөдөр олон аж ахуйн нэгж газраа өмчилж чадахгүй байгаа. Үүнээс болж тухайн газар дээр барьсан обьект үнэд орж жинхэнэ капитал болж чаддаггүй. Тиймээс энэ асуудлыг мөн хуулийн хүрээнд нэгмөр шийдвэрлэх ёстой гэсэн байр суурийг ч энэхүү хэлэлцүүлгийн үеэр хөндсөн юм.

Одоо тус байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байна.

Г.Дарь 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж