Боксчид олимпийн эрхийн төлөө Казахстанд тулалдана

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

Боксчид олимпийн эрхийн төлөө Казахстанд тулалдана

Азербайжаны Баку хотноо есдүгээр сарын 26-наас аравдугаар сарын 8-нд болсон сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, нэг медаль, олимпийн хоёр эрх ганзагалсан Монголын ширэн бээлийтнүүд өнөөдөр дэлхийн аваргын амжилт, алдаа оноогоо дүгнэн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Олимпийн эрх олгосноороо онцлогтой байсан ДАШТ-д Монголын баг тамирчид найман жинд тамирчдаа илгээсэн. Улмаар 49 кг-д Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба хүрэл медаль хүртсэнээс гадна олимпийн эрхээ авсан бол 64 кг-д У.Мөнх-Эрдэнэ шөвгийн наймд шалгарснаар ирэх жил Лондонг зорих эрхтэй болсон билээ. AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын холбооны олимпийн эрх олгох дүрмийн дагуу энэ удаагийн ДАШТ-ий хамгийн хүнд хоёр жин болох -91 ба +91 кг-д тус бүр зургаа, харин бусад найман жинд тус бүр 10, нийт 92 тамирчинд олимпийн эрх олгосон. Будант Албионы нийслэл Лондон хотноо болох зуны XXX олимпийн наадмын боксын эрэгтэйчүүдийн төрөлд 10 жингийн ангилалд 250 тамирчин өрсөлдөх юм. /Эмэгтэйчүүдийн боксын төрөл анх удаа олимпийн наадмын хөтөлбөрт багтсан бөгөөд гурван жингийн ангилалд 36 тамирчин өрсөлдөнө/ Харин тэдгээр тамирчдын 56 нь Ази тивийн төлөөлөл байх ёстой. Саяын дэлхийн аваргаас Шар тивээс 20 гаруй тамирчин олимпийн эрхээ авсан учир Азийн боксчид үлдсэн эрхийн төлөө Казахстанд тулалдана. Тиймээс ширэн бээлийтнүүдийн хувьд олимпийн эрх гэдэг чамгүй бэрх даваа.

Дашрамд дуулгахад, AIBA-гаас гурван том тэмцээнээс олимпийн эрх олгоно. Эхнийх нь өнгөрсөн жил болох хагас мэргэжлийн гэгдэх “World Series of Boxing” нэртэй лигийн журмаар зохион байгуулсан боксын тэмцээн байсан. Таван жингийн ангилалд зохион байгуулсан тус тэмцээний зөвхөн аваргуудад олимпийн эрх олгосон бол өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн ДАШТ-ээс 92 эрх олгосон тухай дээр дурдсан. Тэгэхээр ширэн бээлийтнүүдийн хувьд олимпийн эрхээ авах эцсийн боломж нь тив тус бүрт зохиогдох олимпийн эрхийн тэмцээн болж байна. Ази тивийн хувьд олимпийн эрх олгох тэмцээн нь ирэх оны дөрөвдүгээр сард Казахстанд болох “Ерөнхийлөгчийн цом”-ын тэмцээн юм. П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ нар нэгэнт эрхээ авсан тул Казахстанд тоглохгүй, харин бусад жинд өрсөлдөх тамирчдын тухайд он гараад зохион байгуулах улсын аварга шалгаруулах тэмцээнээс сонгон шалгаруулах ажээ.

Хэвлэлийн хурлын үеэр хөндсөн бас нэг сэдэв бол дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шүүлтийн талаарх асуудал. Тоглолтыг илүү сонирхолтой болгох, тамирчдын өрсөлдөөнийг хурцлах зэрэг шалтгаанаар AIBA дүрмээ өөрчилж, тоглолтын явцын оноог шууд мэдээлэх бус харин үе болгоны төгсгөлд нэгтгэн харуулах болсон. Энэ нь нэг талаар дээрх хүсэл зорилгодоо хүрч байгаа боловч нөгөө талаар аль нэг талыг хохироосон шийдвэр олонтаа гарч буй тухай дотоодын төдийгүй гадны хэвлэлээр ихээхэн шүүмжилсээр байна. Тиймээс Монголын тамирчдын хувьд рингэн дээрх өрсөлдөгчөө, шүүх бүрэлдэхүүнтэй нь, үзэгчтэй нь хамт ялах биеийн болоод сэтгэлзүйн бэлтгэлтэй байх ёстой тухай ч Монголын олимпийн боксын холбооны удирдлагууд ярьж байв.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж