30 гаруй сумын хүн эмнэлэг автомашингүй болжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

30 гаруй сумын хүн эмнэлэг автомашингүй болжээ

Улсын Онцгой комиссын хуралдаан болж, цаг үеийн асуудлыг авч хэлэлцлээ. Улсын Онцгой комиссын даргын шийдвэрээр гамшгийн зэрэглэл тогтоох ажлын хэсгийнхэн Булган, Говьсүмбэр, Дорнод, Дархан-Уул, Сүхбаатар, Хэнтий, Орхон зэрэг нийт есөн аймагт ажиллаж, хаваржилт ямар байгаатай танилцжээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд зургаан сая гаруй толгой мал хорогдсоны 456 мянган толгой мал дээрх есөн аймагт хамаарах аж. Хэдийгээр дээрх аймгууд өвлийг хохирол багатай даван туулсан ч хаваржилт хүндхэн тусч байгаа гэнэ. Цас их хэмжээгээр орсноос зам даваа хаагдаж, малчдад яаралтай тусламж хүргэхэд хүндрэл учирч байгаагийн зэрэгцээ таван аймгийн 30 гаруй сумын хүн эмнэлэг түргэн тусламжийн машингүй болж, холын яаралтай дуудлагад хүрэх бололцоогүй болжээ. Зарим сум холын дуудлагад хувь хүний машин хөлслөн явах тохиолдол ч гарч байгаа. Холын дуудлага өдөрт дунджаар 4-5 удаа ирдэг. Тэр бүгдэд очих бололцоогүйгээс зарим тохиолдолд таван өдрийн дараа хүрч буй. Уг нь өнгөрсөн өвлөөс эхлэн өнөөдрийг хүртэл түргэн тусламжийн машин нэн хэрэгцээтэй байгаа аймаг, сумын хүн эмнэлэгт хангалт хийсээр ирсэн ч цас ихтэй замд хий эргэсээр хроф, мотор нь эвдэрч, нормоо гүйцээлгүй эвдэрч байгаа аж.  Цаг агаар одоо ч сайжраагүй тул энэ зун 330 гаруй сум түргэн машинаар сууж магадгүй тухай Эрүүл мэндийн сайд С.Ламбаа Улсын Онцгой комиссын хуралдаанд анхаарууллаа. Мөн тэрбээр зөвхөн түргэн тусламжийн машин худалдан авахад зориулж улсын төсвийн нэгдсэн тодотголд нэг тэрбум төгрөг суулгахаар оруулж байгааг онцолсон юм.
Улсын Онцгой комиссын хуралдаанаар мөн малын сэг зэмийг устгах ажил ямар шатанд яваа талаар мэдээлэл сонслоо.
Хүнс хөдөө аж ахуйн яамнаас малын сэг зэм устгахад 5.5 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцооллыг Засгийн газрын хуралдаанд оруулж ирэхэд нь эдийн засгийн хүндрэлтэй байгаа үед энэ хэмжээний мөнгө зарцуулах бололцоогүй гэж үзэж, 760 орчим сая төгрөг зарцуулахаар болж, тогтжээ. Үүний 240 орчим сая төгрөгийг малын сэг зэмийг устгах ажлыг гүйцэтгэсэн хүмүүст цалин хэлбэрээр олгохоор төлөвлөсөн. Аймгуудад энэ ажлын бэлтгэл хангагдаж эхэлсэн.  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын хэлснээр малын сэг зэмийг устгах ажил ирэх тавдугаар сарын 15-наас эхлэн сарын хугацаатай хийгдэнэ. Цаг агаар дулаарахгүй байгаагаас энэ ажлыг хойш татаж, чангааж болзошгүй нөхцөл байдал үүсээд буй гэдгийг ч дуулгалаа.
Түүнчлэн энэ удаагийн хуралдаанаар ерөнхий боловсролын дунд сургуулиудад хэрэгжиж байгаа “Үдийн цай” хөтөлбөрийн талаар авч хэлэлцлээ. Өнгөрсөн гуравдугаар сард Ховд аймгийн Булган сумын 160 гаруй сурагч үдийн цайндаа хордож, сумын хүн эмнэлэг хийгээд, дотуур байрандаа хавтгайдаа хэвтэж байсан. Нийслэлийн Орос гуравдугаар дунд сургуульд ч “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд өндөр өнжүүлэх бүлгийн сурагчид хордож байсан. Тиймээс цаашид “Үдийн цай” хөтөлбөрт бүтээгдэхүүн нийлүүлдэг газрыг улсаас байгуулах ёстой гэсэн санааг ч энэ үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга хөндлөө. Шадар сайд М.Энхболд Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас энэ ажилд хатуу анхаарлаа хандуулан ажиллах ёстой. “Үдийн цай” хөтөлбөр “Үдийн халуун хоол” болон хэрэгжих тул түүнд тавих хяналтыг улам эрчимжүүлэх ёстой гэдгийг энэ үеэр хэлж, бас ажлын хэсэг байгуулагдан энэ чиглэлээр ажиллаж байгаа болохыг тодотголоо.
Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж