
Тодруулбал, Х.Тэмүүжин гишүүн “Ардчилал” сонины 2011 оны хоёрдугаар сарын 24-ны 37 дугаарт өгсөн “Эрүүгийн төрөлжсөн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэсэн гарчигтай ярилцлагадаа академич С.Нарангэрэлийн тухай “Тэр хүний сурч мэдсэн зүйл одоо хуучирч, хоцрогдсон. Учир нь социалист дэглэмийн үед дээд боловсрол эзэмшсэн болохоор түүгээрээ л сэтгэж байгаа” гэж ярьсан аж. Энэ нь академич С.Нарангэрэлийн Эрүүгийн хуульд шинээр суулгахаар санал оруулсан зарим зүйл заалттай холбоотой бололтой. УИХ-ын гишүүн Ч.Сайхансамбуу уг хуулийн төслийг өргөн барихдаа академич С.Нарангэрэлээр бичүүлсэн гэдэг. Харин академич С.Нарангарал “…Х.Тэмүүжин намайг “хоцрогдсон” гэсэн нь мэргэжил боловсролоо дээшлүүлэх талаар миний олон жилийн цаг наргүй нөр хичээнгүй хөдөлмөр зүтгэлийг гутааж, юугаар ч үнэлшгүй хамгийн үнэ цэнэтэй зүйл нэр төрд минь бусармагаар халдсан үйлдэл боллоо” гэж үзэн шүүхэд ханджээ.