Зэвсгийн наймааг бүхэлд нь үгүйсгэж болохгүй

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

Зэвсгийн наймааг бүхэлд нь үгүйсгэж болохгүй

Их Британий Ерөнхий сайд Дэвид Камерон өнгөрсөн долоо хоногт Оманы телевизэд өгсөн ярилцлагыг хүргэе. Тэрбээр Ойрхи Дорнодод болж буй жагсаал, цуглааны талаар өөрийн байр суурийг илэрхийлжээ. Түүнчлэн Их Британий Засгийн газраас эдийн засгаа дэмжихийн тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар ярьсан байна.

-Сүүлийн хэдэн долоо хоногийн турш Ойрхи Дорнодын орнуудад гудамж, талбайд хүмүүс олноороо амь үрэгдэж байна. Харин Их Британий компаниуд тэндэхийн иргэдэд зэвсэг худалдаж байгаа гэх баримт бий. Тэгэхээр Их Британий Засгийн газар тэнд иргэний дайн гарах шахаж байгааг дэмжиж байгаа гэсэн үг үү?

-Яг тэгж хэлж болохгүй. Юуны өмнө Хойд Африк, Арабын орнуудад ардчилал, эрх чөлөөний төлөөх тэмцэл өрнөж байгааг онцлох ёстой. Тийм ч учраас би Ойрхи Дорнодын орнуудад хийж буй айлчлалаа Египетийн Кайр хотоос эхэлсэн. Би Засгийн газар болон жагсагчдын төлөөллийн аль, алинтай нь уулзсан. Египетэд шударга сонгууль явуулах нөхцөл, боломж бүрдэж байна.

-Харин зэвсгийн наймааны тухайд та юу хэлэх вэ?

-Энэ асуудалд бид аль болох хориг тавихыг  хичээж байгаа. Гэхдээ зэвсгийн наймаа хийхийг үргэлж буруутгаж болохгүй. Тухайн нэг жижиг орон батлан хамгаалахын салбартаа зарцуулах зэвсэг, техникээ өөрсдөө үйлдвэрлэж чадахгүй бол гаднаас авах нь зайлшгүй хэрэг. Магадгүй ирээдүйд Кувейтэд ч иймэрхүү төрлийн худалдаа хийж болох юм. Тиймээс би зэвсэг наймаалж байгаа явдлыг бүхэлд нь буруушаахгүй байна. Гэхдээ Их Британий хувьд дэлхийн бусад оронтой харьцуулахад энэ асуудалд маш хатуу хяналт тавьдаг.

-Үнэхээр хатуу хяналт тавьж чадаж байгаа юу?

-Чадаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Би үүнийг батална.

-Өмнө нь 1999 онд НАТО-гийн цэргийн хүчин Югославыг бөмбөгдөж байсан. Тухайн үед Югославын армийнхан хүний эрхийг зөрчсөн олон зүйл  хийж, иргэний дайн өдөөхөд хүргэсэн. Тэгвэл өнөөдөр Ливийн эрх баригчид дээрхтэй төстэй нөхцөл байдлыг бий болгохгүй гэх га­заргүй шүү дээ?

-Миний бодлоор Ливийн эрх баригчдын үйлдэл нь хүлээн зөв­шөөрч боломгүй зүйлс. Зэвсэг­лэсэн цэргүүдийг гудамжинд энгийн ир­гэдийн эсрэг зогсоож, агаараар довтолж байгааг зогсоох хэрэгтэй. Би энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүдтэй нухацтай ярилцсан.

-Тэгэхээр өмнө нь Югославт болсон үйл явдал Ливид давтагдах уу?

-Би хүний эрхэнд халдаж байгаа Ливийн Засгийн газрын төлөөлөгчдийг буруушааж бай­на. Бид тэнд юу болж байгааг телевизээр харсан. Ийм юм байж болохгүй. Хэрэв энэ бүхнийг одоо л зогсоохгүй юм бол нөхцөл байдал улам хурцадна.

-Ойрхи Дорнодын орнуудын засгийн эрхэнд Исламын хэт даврагсад гарах вий гэж зарим шинжээч болгоомжилж байна?

-Миний хувьд, би Египетийн ардчиллын төлөө тэмцэгчидтэй уулзах хувь тохиосон. Тэд нэг зүйл онцолсон нь миний анхаарлыг нэлээд татсан. Юу вэ гэхээр, Египетийн Засгийн газар ч тэр, олон улсын байгууллагууд ч тэр аль, аль нь “Мусульманы ахан дүүс”-ийг хэтэрхий их анхаарч байгаа тухай. Египетэд зөвхөн “Мусульманы ахан дүүс” гэлтгүй сөрөг хүчний олон төлөөлөл бий. Египетийн тэмцэгчдийн хувьд тэдэнд улс орноо товхинуулах хугацаа хэрэгтэй. Тэд асуудлыг бүр нарийн ярилцаж, боловсруулах нь чухал. Хэн ч нэг дарангуйлагчийн хяналтаас нөгөө нэг дарангуйлагчийн хараанд орохыг хүсэхгүй. Миний хувьд Исламын хэт даврагсдыг засгийн эрхэнд гаргахгүй байх тал дээр анхаарах ёстой гэж бодож байна.

-Өөрөөр хэлбэл, шинэ хүчин байгуулагдахыг дэмжинэ гэсэн үг үү?

-Тийм.

-Их Британий Засгийн газар нийгмийн эмзэг бүлгийнхэнд зо­риулан зарцуулах зардлаа хумьж байгаа. Үүнтэй зэрэгцээд сан­хүүгийн салбарынхны төлөх тат­вартай холбоотой арга хэмжээнүүд авч эхэлсэн. Тэгэхээр үүнээс улс орны эдийн засгийн гол хөдөлгөгч хүчин болох банкны салбарыг хумьж байна гэж ойлгож болохоор байна. Яагаад ийм арга хэмжээнүүд авч байгаа юм бэ?

-Нэгдүгээрт, нийгмийн ха­ламжид зарцуулах хөрөнгөө хумьж байгаагаас энэ салбарыг бүхэлд нь орхиж байна гэж дүгнэж болохгүй. Улс орныхоо эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахын тулд бид олон зүйл хийсэн. Энэ нь таны онцолж байгаа нийгмийн эмзэг бүлгийнхэнд туслах нэг нөхцөл болох юм. Их Британий Засгийн газар төсвийн зардлаа танах зайлшгүй шаардлагатай болсон. Ингэхдээ макро эдийн засагт аль болох бага нөлөөлөх салбарыг онцолсон юм. Хүмүүс бүгд Грек, Португалийн Засгийн газрын өр нэмэгдсэн тухай ярьж байна. Гэтэл өнгөрсөн хугацаанд Их Британий төсвийн алдагдал маш өндөр гарсан. Тиймээс үүнийг бууруулахын тулд бид ийм алхам хийхээс өөр аргагүй болоод байна.

-Тэгвэл банкуудын татварыг нэмсэн тухайд?

-Бид банкны татварыг нэмэх замаар улсын төсөвд 10 тэрбум паундын орлого оруулахаар төлөв­лөсөн. Их Британий банкуудад ийм чадвар бий. Тэд илүү их татвар төлж, тэр хэмжээгээрээ зээлээ нэмэх боломжтой. Ялангуяа жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, зээл олгоход нэлээд анхаарах хэрэгтэй. Их Британий засгийн эрхэнд байсан Ажилчны нам энэ тал дээр дорвитой ажиллаж чадаагүй. Магадгүй энэ нь тэдний алдаа байх. Мэдээж хэрэг, зарцуулалтаа хумина гэдэг амаргүй ажил. Гэхдээ төсвийн алдагдлаа бууруулахын тулд бүгд эрвийх дэрвийхээрээ хөдлөх хэрэгтэй байна.

-Тэгэхээр банкны салбар тэр ачааг нь үүрэх ёстой гэсэн үг үү?

-Би тэднийг илүү их татвар төлөөсэй гэж хүсч байна. Түүнээс биш банкуудад хамаг ачааг үүрүүлэх гэсэнгүй. Их Британид эдийн засгийн шинэчлэл хэрэгтэй. Тэгэхийн тулд банкууд зээлийн хэмжээгээ нэмэх ёстой. Бидэнд хоёр сонголт байсан. Нэг бол, банкуудад торгууль ногдуулах. Эсвэл тэднээс авах татвараа нэмэх. Тэд орлого олохынхоо хэрээр татвар төлөх ёстой. Энэ бол манай Засгийн газрын хүсч байгаа зүйл.

-Их Британий Засгийн га­зар ажилгүйдлийн түвшинг буу­руулахын тулд дорвитой алхам хийлээ гэж үргэлж хэлдэг. Гэтэл их сургуулиа төгссөн олон залуу боловсон хүчнүүд “Би ажилгүй байна. Ажил хайгаад олохгүй байна” гэж хэлж байна?

-Яг өнөөдрийн нөхцөл байдалд хүмүүст ажил олох хэцүү байгаа. Ажилгүйдлийн түвшин өсч байна. Гэхдээ үүнтэй зэрэгцээд эдийн засгийн үзүүлэлтүүд нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Ийм үед татвараа бууруулах нь боломжгүй зүйл. Гэхдээ бид бизнесийн орчинг таатай болгох нөхцөл бололцоогоор хангахын төлөө хичээж байна. Сүүлийн жилүүдэд Их Британий эдийн засаг бүхэлдээ улс орныхоо өмнөд хэсгээс хамааралтай болчихсон. Ямартай ч би Хятад, Энэтхэг тэргүүтэй орнуудтай эдийн засгийн харилцаагаа өргөтгөхийг зорьж байна. Одоо Ойрхи Дорнодын орнуудтай олон салбарт хамтрахыг зорьж байна.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж