Гэтэл нэгэнт Монголбанкнаас зөвшөөрөл олгоогүй байхад 2009 оны аравдугаар сард хэвлэлийн бага хурал зарлаж, Хадгаламж банк нь “Монгол Шуудан” банкны хяналтын багцийг авч хоёр банкийг нэгтгэх болсон тухай мэдээллэсэн нь олон түмний ойлголтыг төөрөгдүүлсэн жүжиг байсан. Улсын Дээд шүүхээс “Монгол Шуудан”, “Хадгаламж” гэх хоёр банкийг нэгтгэх ажиллагааг хууль зөрчсөн гэж үзээд Монгол Шуудан банкны хувь нийлүүлэгчдийн 2009, 2010 оны хурлын шийдвэрүүдийг хүчингүй болгосон байтал жижиг хувь нийлүүлэгчид ногдол ашгаа авч чадахгүй өдийг хүрч байна” гэлээ. Хурал зохион байгуулагчид энэ үеэр мөн хоёр жилийн өмнө “Хувьцаа чинь ямарч үнэгүй цаас боллоо” гэдэг жүжигт хууртаж, хувьцаагаа зарсан бусад 60 гаруй хувь нийлүүлэгчдийгээ өөрсөдтэй нь нэгдэж, хууль зөрчсөн этгээдүүдийн үйл ажиллагааг зогсооход оролцохыг уриалж байлаа.
“Монгол шуудан” банкны үүсгэн байгуулагч, жижиг хувь нийлүүлэгч Н.Батсайхан хэлэхдээ, “УИХ-ын гишүүн Д.Зоригт гэж хүн Монгол Улсын хөрөнгийн бодлогоор тоглож байна. Түүний хөрөнгө сая саяар өсч, 11 тэр бум боллоо. Тэгтэл жижиг хувь нийлүүлэгч нарт нэг ч ашиг хүртээгээгүй. Д.Зориг нарын таван хүний ногдол ашиг 35-40 хувиар өсдөг бол жижиг хувь нийлүүлэгч бидний ноогдол ашиг 5 хувиар өсдөг байх жишээтэй” хэмээн онцолж байлаа.