
Иргэний танхимд болж буй энэхүү хэлэлцүүлэгт нийслэлийн Ардчилсан намын удирдлага болоод гишүүд, дэмжигчид оролцож, санал бодлоо илэрхийлж буй юм. Оролцогчдын хувьд баталсан хуулиа Монгол Улс хэрэгжүүлэх ёстой, энэ ч үүднээс ирэх онд УИХ болоод орон нутгийн сонгуулийг хамтад нь зохион байгуулах ёстой. Энэ нь цаг зав хэмнэх төдийгүй хөрөнгө мөнгө ч хэмнэнэ гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр, сонгууль болох үеэр гардаг маргаан, булхай луйвруудыг цэгцлэхийн тулд шат, шатанд анхаарах шаардлага бийг онцоллоо. Тухайлбал, Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн Ж.Батзандан “Монгол Улс сонгуулийнхаа процесс дээр алдаа гаргадаг болохыг тодотголоо. Энэ нь эрх баригч намынхан сонгогчдын саналыг луйвардах арга хэрэгсэл нь болж ашиглагдсаар ирсэн гэж хэлж байна. Тодруулбал, 2004 онд сонгууль болоход Сүхбаатар дүүргийн 16 дугаар хэсэгт хүчингүй саналын хуудас 28.6 хувь, 11 дүгээр хэсэгт 21.3 хувь, 10 дугаар хэсэгт 21.1 хувь тус бүр гарч ирж байжээ. Дэлхий дахинд бол хүчингүй саналын хуудас ийм өндөр гардаггүй, 0.5 хувиар яригддаг. Манайд харин ийм өндөр үзүүлэлттэй байгаа нь саналыг цаагуураа луйвардах арга хэрэгслийн нэг болсоор ирснийг харуулж буй жишээ аж. Хоёр дахь булхай гэвэл, энэ мэт зөрчлийг арилгуулах арга хэмжээ авахуулахаар холбогдох газарт нь хандахаар ямар ч арга хэмжээ авдаггүй. Тэр ч байтугай тойргийн хороо, Сонгуулийн ерөнхий хорооноос гаргаж буй санал хураалтын дүн зөрдөг. Тодорхой жишээ татвал 2008 оны УИХ-ын сонгуульд Ж.Батзандан нь Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байсан. Санал хураалтаар тойргийн хорооноос гаргасан дүнгээр тэрбээр 35700 хүний санал авсан байсан. Сонгуулийн ерөнхий хорооноос 34700 хүний санал авсан гэсэн мэдээлэл гаргасан. Өөрөөр хэлбэл, тойргийн хорооноос Сонгуулийн ерөнхий хороонд санал хураалтын дүнг явуулах шатанд 1000 сонгогчийн санал хаана гээгдсэн нь тодорхойгүй болсон байх жишээтэй. Энэ асуудлаар гомдол тавиад, шат шатанд хандах гэтэл Долдугаар сарын 1-ний үйл явдлыг зохион байгуулахад оролцсон байж болзошгүй гэсэн үндэслэлээр цагдаагийн газраас баривчлаад, хорих анги руу явуулчихсан. Уг нь нэр дэвшигчийг цагдан хорих зэрэг тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооноос холбогдох хуулийн байгууллагууд зөвшөөрөл авах ёстой, манайд энэ талын зохицуулалт тусгалаа олоогүйгээс нэр дэвшигч нарт шууд халддаг гээд цаашид анхаарах асуудал бийг хөндлөө.
Мөн тэрбээр УИХ болоод орон нутгийн сонгуулийг хамтад нь зохион байгуулах ёстой гэж үзэж байна. Сүүлийн өдрүүдэд эрх баригч намынхны зүгээс нэр бүхий гишүүд “УИХ болон орон нутгийн сонгуулийг тусад нь явуулах ёстой. Тэр дундаа орон нутгийн сонгуулийг хийхдээ санал хураалтын дүнг гараар тоолж гаргах ёстой” гэсэн яриа хөөрөө гаргах болсон нь цаагуураа санал луйвардах гэсэн оролдлого гэж хэллээ. Ер нь ч Монгол Улс технологийн дэвшлээс ухарч болохгүй, тийм учраас саналын хуудсыг автомат машинаар уншуулж гаргах нь элдэв будилаан гарахаас сэргийлнэ гэж үзэж байна.
Түүнчлэн өмнөх сонгуулийн практикийг харахад сонгуулийн хэсгийн хороо, тойргийн хороод дээр нам бусчууд нэртэй хэсэг нөхдүүдийг оруулж ирүүлж, сонгуулийн үйл ажиллагаанд татан оролцуулдаг гэнэ. Цаад талыг нь харахаар сургууль, эмнэлгийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар байдаг. Намаасаа татгалзсан улстөрийн цэвэр албан тушаалтан гэж нэрлэгддэг ч мөн л эрх баригч намын талд ажиллах зорилготойгоор орж ирсэн байдаг. Тиймээс нам бусчууд гэсэн статусыг халах шаардлагатай аж.
Ажиглагч нэртэй шоовдорууд үе үеийн сонгуульд орж ирдэг. Харамсалтай нь, эрх мэдэл байдаггүй. Уг нь бол нэлээд шударгадуу хүмүүс нь ажиглагчаар орж ирсэн байдаг ч зүй ёсны шаардлага тавьсныхаа төлөө хэсгийнхээ хорооноос хөөгдөж гардаг гээд тоочоод байвал сонгууль тойрсон маапаан мундахгүй аж. Тийм учраас ажиглагч нарын эрх мэдлийг нэмэгдүүлэх ёстой гэж үзэж байна.
Гурав дахь томоохон санал нь орон нутгийн сонгуультай холбогдлоо. Ингэхдээ бүх шатны Засаг даргыг ард түмнээс сонгодог болох явдал гэж үзлээ. Учир нь өнгөрсөн хугацаанд Засаг дарга нарыг ИТХ-аас томилсоор ирсэн нь цаагуураа намын харьяалалтай эрхмийг гаргахад л зорилго оршиж иржээ. Намаас гарсан хүн намынхаа хүсэл зоригийг хангахын төлөө ажиллаж, улстөржихөөс ард иргэдийн төлөө гараа хөдөлгөдөггүй. Ажил хийдэггүй Засаг даргыг огцруулах боломж эрх нь ард иргэдэд байдаггүй. Энэ эрхийг одоо хуулийн хүрээнд зохицуулж оруулж өгөх ёстой гэж үзэж байна.
Дөрөв дэх санал нь сонгууль будилаантуулсан албан тушаалтанд хариуцлага тооцдог болох. Үе үеийн сонгуулийг харвал булхай луйваргүй явж ирсэн жишээ ховор. Булхай луйвар хийсэн эрхмийг нь илчлээд байхад л нөгөө нөхөр нь улам дэвшээд байдаг. Булхай луйвар хийгчдийг өөгшүүлэхгүйн тулд наад зах нь 2-3 жилээр хорьдог болчихвол зөрчил маргаан багасч сонгууль эрүүлжинэ гэж үзэж байна.
Хэлэлцүүлэг үргэлжилж байна.