Бүх цэргийн наадам маргааш болно

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

Бүх цэргийн наадам маргааш болно

Батлан хамгаалахын их сургуулийн 90 жилийн ойн баярт зориулсан цэргийн цол, чимэг олгох Бүх цэргийн наадам маргааш болно. Монгол бөхийн өргөөнд 14.00 цагаас эхлэх тус барилдаанд аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх зодоглох юм. Уг нь есдүгээр сарын эхээр Тавантолгой дахь зэвсэгт хүчний сургалтын баазад зохион байгуулахаар товлож байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлуулж, улмаар маргааш Бөхийн өргөөнд барилдааныг зохион байгуулахаар болжээ. Барилдаанд “Алдар” спорт хорооноос 72, “Хилчин”-гээс 52, “Хүч”-ээс 48, “Сүлд” спорт хороноос 36, “Аврагч”-аас 28, “Эрч” спорт хорооноос 20 бөх оролцох юм байна.

Бүх цэргийн наадмыг Үндэсний их баяр наадам, Монгол үндэсний бөхийн барилдааны дүрмийн дагуу бөхчилсөн хэлбэрээр явуулах бөгөөд МҮБХ-ноос томилогдсон жаяг, дэгийн баг удирдан барилдуулах ажээ. Барилдаанд таваас дээш давж, шөвгөрсөн бөхчүүдэд цэргийн цол, чимэг олгох юм.

Сануулахад, өнгөрсөн жилийн Бүх цэргийн наадамд “Алдар” спорт хорооноос 68, “Хүч”, “Хилчин”-гээс тус бүр 52, “Аврагч”-аас 36, “Эрч” спорт хорооноос 28, “Сүлд”-ээс 20 бөх, нийт 256 бөх зодоглож байсан юм. Тус барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 310-р анги, “Хатант интернэйшнл” ХХК-ийн бөх Ч.Санжаадамба түрүүлж, цэргийн хурц арслан болж, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат Э.Тулга үзүүрлэж, цэргийн заан болж байв. Харин их шөвөгт Увс аймгийн харьяат, “Хүч” спорт хороо, Эргүүл хамгаалалттай газрын бөх С.Батсуурь, Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Б.Сангисүрэн нар шалгарч байсан билээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж