
“Moody’s” хөрөнгө оруулалтын газар Их Британийн санхүүгийн 12 фирмийн зээлжилтийн зэргийг буурууллаа. “Lloyds TSB”, “RBS”, “Nationwide and Santander” зэрэг томоохон газрууд энд багтжээ. Ажиглагчид “Их Британийн Засгийн газар банкуудынхаа үйл ажиллагааг дэмжихийн тулд хөрөнгө гаргана” хэмээн таамаглаж байна. “Moody’s” Португалийн банкуудын зээлжилтийн зэргийг ч мөн бууруулсан юм. Харин “Fitch” агентлаг Италийн Засгийн газрын зээлжилтийн зэргийг А+, Испанийнхыг АА- болгон бууруулав. Франц, Бельги, Люксембургийн Засгийн газар “Dexia” банкийг дампуурлаас аврахын тулд мөн л хөрөнгө хаяхаар болов. Бельгийн Засгийн газар л гэхэд тус банкны хувьцааг 5.4 тэрбум ам.доллараар ху
далдан авах шийдвэр гаргажээ. “Dexia” нь 6000 ажилчинтай, дөрвөн сая үйлчлүүлэгч, 80 тэрбум еврогийн эргэлтийн хөрөнгөтэй нүсэр банк. Өөрөөр хэлбэл, Европын “Lehman Brothers” л гэсэн үг. Хэрэв дампуурвал Евро бүс маш том эрсдэл хүлээнэ. Франц, Бельги, Люксембургийн хамтарсан хөрөнгө оруулалттай “Dexia” банкийг 2008 онд дампуурлаас аврахын тулд 6.4 тэрбум евро гаргаж байсан юм. Өмнө нь “Lehman Brothers” уналтад орсны дараа банкуудад итгэх хүмүүсийн итгэл суларч, хөрөнгөө татсаны уршгаар “Dexia” алдагдал хүлээсэн. Харин энэ удаад Грекийн Засгийн газрын бондыг 3.4 тэрбум евро буюу 4.5 тэрбум ам.доллараар худалдан авчихаад байсан нь хямрах гол шалтгаан болжээ.
Евро бүсийн банкуудын нөхцөл байдал ямархуу байгааг “Dexia” болон зээлжилтийн зэрэг нь буурсан санхүүгийн байгууллагууд бүрэн харуулж байна. Гадаад өрөө төлж чадахгүйд хүрсэн орнуудын тоо зөвхөн Грекээр хязгаарлагдахгүй. Түүний араас Испани, Исланд, Итали жагсаж байна. Европын холбоо Грект санхүүгийн тусламж дахинүзүүлэхгүй бол тус улс ирэх онд дампуурлаа зарлах нь нэгэнт тодорхой болсон. Гэтэл зээл олгоход тавьж буй гол нөхцөл болох төсвийн алдагдлаа одоо болтол бууруулж чадахгүй байгаа. Ийм үед Грекийн Засгийн газрын бондыг худалдаж авсан банкууд хүнд байдалд орж, тэднийг дагаад Евро бүс тэр чигтээ хямарч байна.
Германы Канцлер А.Меркель, Францын Ерөнхийлөгч Н.Саркози нар Берлинд уулзаж, бүс нутгийн банкны тогтолцоог тогтвортой байлгахын тулд хөрөнгө зарцуулахаар болсон. Үүнээс өмнө Европын Санхүүгийн тогтвортой байдлын хорооны хөрөнгийг 440 тэрбум еврогоор нэмэх шийдвэрийг Европын холбооны удирдлагууд гаргасан юм. Өөрөөр хэлбэл, тэд Евро бүсийн хямарсан орнуудад санхүүгийн тусламж үзүүлсээр байх болно гэсэн үг. Эхлээд Засгийн газарт, дараа нь банкуудад тусламж үзүүлнэ. Энэ тусламжийн хөрөнгийн дийлэнх хэсгийг Германы татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргаж байгаа. Гэтэл өнгөрсөн сард Германы экспорт буурсан. Энэ нь гол хэрэглэгч болох Хятад улс мөнгөний бодлогоо хумьж эхэлсэнтэй холбоотой хэмээн шинжээчид тайлбарлажээ. Хэдийгээр хүчирхэг эдийн засагтай боловч Герман улс хэдий болтол Евро бүсийн ачааг нуруундаа үүрч тэсэх бол.
АНУ-ЫН БАНКУУД ОЙРЫН ХУГАЦААНД ХЯМРАХГҮЙ
Европтой харьцуулахад АНУ-ын санхүүгийн тогтолцоо харьцангуй тогтвортой байна. Гэхдээ Европын хямрал даамжирвал Америкийн банкууд нийт хөрөнгийнхөө таван хувь буюу 640 тэрбум ам.долларын алдагдал хүлээх юм. Шалтгаан нь тун энгийн. Арилжааны банкууд өмнө нь Евро бүсийн санхүүгийн тогтолцоонд хөрөнгө оруулалт хийсэнтэй холбоотой. Нөгөө талаас АНУ-ын банкуудын үндсэн хөрөнгө нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлээсээ шууд хамааралтай байдаг. Тиймээс Европоос үүдэлтэй хямралын нөлөө ойрын хугацаанд АНУ-ын банкны тогтолцоонд нөлөөлөхгүй бололтой. Харин ажил эрхлэлтийн байдал хамгийн их санаа зовоосон асуудал болжээ. АНУ-д ажилгүйдлийн түвшин 9.1 хувьтай хэвээр байгаа. Хэдийгээр өнгөрсөн сард 103 мянган ажлын байр шинээр бий болсон боловч энэ нь 300 сая хүн амтай АНУ-ын хувьд хангалттай их тоо биш. Ажилгүйчүүдийн тоо олон байхын хэрээр иргэдийнх нь хэрэглээ багасна. Энэ нь хөрөнгө оруулалтын орчныг муутгах юм. Гэхдээ АНУ-ын санхүүгийн зохицуулагчид 2008, 2009 онд хоёр удаа стресс тест хийж байв. Үүний ачаар арилжааны банкуудынх нь хөрөнгө богино хугацааны эрсдэл даахуйц өндөр болж чадсан юм. Харин АНУ-ын аж үйлдвэрлэлийн индекс дорвитой нэмэгдэхгүй байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт саарах нэг шалтгаан болжээ. Энэ эрсдэлийг арилгахын тулд үйлдвэрлэгчдээ дэмжиж, илүү их бүтээгдэхүүн экспортлох шаардлагатай болно. Бүтээгдэхүүнийхээ өрсөлдөх чадварыг сайжруулах хэрэгтэй гэсэн үг. Ингэхийн тулд ам.долларын бусад валюттай харьцах ханшийг сулруулахыг хичээх боллоо. Нэг хэсэг намжаад байсан юанийн “хаанчлал”-ыг зогсоохын тулд АНУ-ын эрх баригчид дахин тэмцэж эхэлсэн.
Нөгөө талаас ам.долларын ханшийг сулруулахын тулд Холбооны нөөцийн сан дахин мөнгө гаргахаар болсон. Ажилгүйдлыг бууруулах нэрийн дор 450 тэрбум ам.доллар зарцуулахаар Б.Обама төлөвлөж байгаа. Үүнээс болж төсвийн алдагдал нь ихэсч, өрөө төлөх магадлал нь улам бүр багасна. АНУ-ын Засгийн газрын өр 14.3 их наяд ам.долларт хүрсэн. Энэ нь авч болох зээлийн дээд хязгаартаа тулсан тоо юм. Үүнээс болж “АНУ зээлээ төлж чадахгүй нь” гэх мэдээлэл тархаж, “Standard & Poors” агентлаг АНУ-ын зээлжилтийн зэргийг +АА болгон бууруулсан. Хэдийгээр Б.Обама дээд хязгаарын хэмжээг хоёр их наяд орчим ам.доллараар нэмсэн боловч цаашид хэрхэх нь тодорхойгүй байна.
АНУ, Герман, Францад удахгүй сонгууль болно. Хятадын эрх баригчид ч халаа сэлгээ хийх гэж байгаа. Тиймээс улс төрийн шалтгаанаас болоод их гүрнүүд нэгдэж болзошгүй хямралын эсрэг тэмцэж чадахгүй байна. Өмнө нь хямралын үед барууны банкууд бүгд бодлогын хүүгээ бууруулж, Хятад улс мөнгөний бодлогоо сулруулж байв. Харин өнгөрсөн хугацаанд инфляцитай тэмцэхийн тулд бодлогын хүүгээ чангаруулж байсан орнууд саяхнаас сулруулж эхэлжээ.
Дэлхийн эдийн засаг цаагуураа хямраад байгаа нь хувьцаа, түүхий эдийн зах зээлээс тод харагдаж байна. АНУ, Европын талаарх таагүй мэдээлэл гарсны дараа Азид хувьцааны ханш хамгийн их унаж байгааг “Ройтерс” агентлаг онцолжээ. Хонконгийн “Ханг Сенг” индекс энэ он гарснаас хойш 23 хувиар буурсан. Харин өнгөрсөн сард 12 хувиар буурчээ. Зүүн Европ, Латин Америкийн орнуудын хувьцааны зах зээл хамгийн их хямарсан. Японы “Никкей” индекс энэ оны эхний есөн сарын байдлаар 24 хувиар буурчээ. Тайванийн экспорт өнгөрсөн сард 2010 оны мөн үеийнхтэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарсан тухай албаны төлөөлөгчид нь мэдээлсэн. Гэхдээ тэд АНУ, Европын хямралаас болж худалдааны хэмжээ огцом буурахвий гэж болгоомжилж байгаагаа нуусангүй. Сингапурын эрх баригчид ч мөн иймэрхүү агуулгатай мэдээлэл гаргажээ. Өмнөд Солонгосын “Самсунг”-ийн ашиг орлого энэ оны гуравдугаар улиралд 2010 оны мөн үеийнхтэй харьцуулахад 14 хувиар буурсан байна. Компьютерийн чипний үйлдвэрлэлээр тэргүүлдэг “Самсунг”-ийн энэхүү үзүүлэлт бүтээгдэхүүний эрэлт суларч байгааг харуулав. Азийн орнууд инфляцитай тэмцэхийн тулд бодлогын хүүгээ ээлж дараалан нэмсэн. Гэхдээ энэ “үзэгдэл” эцэс болж, улс орнууд бодлогын хүүгээ бууруулж эхлэх төлөв ажиглагдаж байна.
Харин түүхий эдийн зах зээл дээрх хэлбэлзлийг Хятадын эдийн засаг тодорхойлж байна гэхэд буруудахгүй. Сүүлийн үед тус улсын аж үйлдвэрлэлийн индекс буурч байгаа нь мөнгөний бодлогоо хумьж буйтай холбоотой гэх. Гэхдээ зэс, хөнгөн цагаан гэх мэт голлох металлын эрэлт буурахгүй байгаа юм. Харин ч Шанхай, Лондоны Металлын бирж дэх зэсийн нөөц хомсдож эхэлсэн нь Хятадын эрэлт их байгааг харуулж байна. Макро эдийн засаг тогтворгүй болохын хэрээр алт худалдан авах сонирхолтой хүмүүсийн тоо нэмэгддэг. Энэ жишгийг дагаад алтны ханш ч өссөн. Гэхдээ металл, түүхий эдийн үнэ огцом хэлбэлзэж байгаа нь 2008 оны санхүүгийн хямралын үеийнхтэй дүйцэж байгаа юм.
Хаяанд ирээд буй хямралын эсрэг их гүрнүүд хэрхэн тэмцэхээ мэдэхгүй байна. Б.Обама улс төрийн шалтгаанаас болоод мөнгөний бодлогоо хумьж чадахгүй. Хятадын эрх баригчид орон нутгийн засаг захиргааны өр, инфляцийн эсрэг юу хийх учраа олоогүй. Европын орнуудын төр засаг Грекийг хэдий болтол тэтгэж чадахаа ч мэдэхгүй байна.
"Улс төрийн тойм" сонин
