
тогтнолын баярын өдрөө МАН, МАХН-ынхан булаацалдаж жанжны хөшөөнд
цэцэг өргөх гэж хэмлэлдээд төв талбайд булайгаа дэлгэх байх гэсэн,
азаар тэгсэнгүй. Харин ч МАН-ыг бяцхан айдаст автуулаад буй Н.Энхбаяр ч
энэ өдөр үзэгдсэнгүй. Бараа бологсод нь л цэцэг өргөх ёслол, хогийн цэг
хавиар ажиллав. Харин МАН-ынхан хүчтэй байлаа. Салаан завсраар нь сар
асгармаар бяртай байв. Оройноос авахуулаад л шөнөжин шахуу “агаарын
бөмбөгдөлтөөр” хувьсгалын их удирдагчдаа бэлэг барих шиг боллоо. Сураг
сонсвол экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр жижиг намуудын толгойлогчдыг
цуглуулж уулзжээ. Цэцэг нуурын дугуйлангийнхан феодалуудаас
нуугдаж уулздаг шиг л. Тэгээд МАХН-ын нэрийн асуудал Дээд шүүхээр
шийдэгдтэл шийр зугаа болгох гэсэн үү, тэдэнтэй нийлж “Эх орон шударга
ёс” нэртэй хөдөлгөөн байгуулсан аж. Арай л хоорондоо цусан тангараг
тавьсан гээгүй байх. Ямар ч гэсэн тэрнээс наагуур юм болж, гол нь үзэл
бодолдоо үнэнч байхаар тохирсон байна. Одоо тэд эрх баригчидтай үзэж
тарах юм байх. Үүнээс хоёр хоногийн өмнө тэрбээр зурагтаар ярихдаа
“Долдугаар сарын 1-ний хэрэгт С.Баяр буруутай” гэж зоригтой дуугарсан
юм. Их ч юм ярьсан. Удаан дуугүй байснаараа байдлыг эерүүлэхгүй гэдгийг
гэнэт ухаарсан гэх утгатай зүйл ч хэлсэн. Бодвол “Үзэл бодлоосоо ухарсан
хүнийг үздэггүй хүн шүү” гэсэн далд утгатай анхааруулгыг хэн нэгэнд
тэр ингэж хаягласан хэрэг. Хэдэн жилийн өмнө иргэдтэй уулзахдаа 500
саяын авлигын хэргийг “задлах” гэж “хадуураад” хаширсан болохоор
энэ удаа арай ч түүн шигээ барин тавин худлаа яриагүй биз ээ. Дугаар
хорооны иргэний шүүмжлэл гэж чихнийхээ хажуугаар өнгөрөөлгүй, түүний
хэлсэн энэ үгийн араас ч хуулийнхан лавхан орсон сураг дуулдана.
Тэгэхээр Н.Энхбаяр гудамжнаас, бас үзэл бодлынхоо үүднээс зориуд ийм
улс төр хийж байна. Үзэл бодлыг хүлээн зөвшөөрүүлдэг, эсвэл хүчээр
тулгаж болдог. Н.Энхбаяр алийг нь сонгосныг мэдэхгүй. Тэр хэдхэн сарын
дотор төрийн гурван өндөрлөгийн сэнтийд ээлжлэн заларч хүмүүсийг
гайхшруулж байсан. Угаасаа ийм хүн түүнээс өөр байхгүй. Харин жирийн
иргэн болоод хоёр жил ч болоогүй байхдаа танигдахааргүй өөрчлөгджээ. Энэ
цаг үеийн арай өөр өнгөтэй тэмцэгч ч гэмээр юм уу, түүнийг. Ямарваа нэг
хувьсгалын өмнөх хэн нэгэн партизан гээд өөрийгөө бодчихсон юм шиг
харагдаад болохгүй юм.
Н.МӨНХТӨВШИН
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

"Улс төрийн тойм" сонин