
Алдагдал, зарлага маш их зөрүүтэй гарсан талаар төсвийн газраас мэдээлэв. Төсвийн гүйцэтгэл нь корпорациудаас орж ирэх татвар буурснаас 11 тэрбум долларын алдагдалтай гарчээ. Үүнд, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх үүднээс үйлдвэрүүдэд хөнгөлөлт үзүүлсэн ч нөлөөлжээ. Төсвийн албаныхан “Ирэн” шуурга мэтийн байгалийн гамшгуудаас шалтгаалан орлого багассан байж магадгүй гэлээ. Тиймээс АНУ-ын зарлага нь төлөвлөсөн хэмжээнээс гурван тэрбумаар илүүтэй өсөв. Төрийн үйлчилгээний зардал 17 хувиар, батлан хамгаалахын зардал нэг хувиар, эрүүл мэнд нийгмийн хангамж дөрвөн хувиар тус тус өссөн нь зарлагыг нэмэгдүүлсэн гол шалтгаан болжээ.
Төсвийн алдагдлын хэмжээ нь дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад 1945 оноос хойших гурав дахь дээд зэргийн төвшин болж байна. Хамгийн дээд хэмжээнд хүрсэн алдагдал 2010-2011 онуудад болсон бөгөөд тэр үед орлого зарлагын ялгаа 1,4 их наяд доллар буюу ДНБ-ний 10 хувьтай тэнцсэн байв.
АНУ-ын төсвийн зөрүү гурав дахь жилдээ дараалан нэг их наядаас давж байна. Эдийн засгийг дэмжих, нийгмийн хөтөлбөрүүдийн зарлага зэрэг нь улсын өрийн хэмжээг ихэсгэн түүний үйлчилгээний үнийг нэмэгдүүлж байна. Өр ихэсч, улс орон гэнэтийн зардлаа нөхөх боломжгүй боллоо хэмээн Холбооны нөөцийн системийн тэргүүн асан Алан Гринспен тэмдэглэв.
Харин АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама есдүгээр сарын сүүлчээр төсвийн алдагдлыг бууруулах гурван их наядын хөтөлбөрөө танилцуулсан. Гурван их наядын хөтөлбөр нь 10 жилийн турш хэрэгжих бөгөөд 2021 он гэхэд төсвийн алдагдлыг ДНБ-ний 2,3 хувьд хүргэхээр төлөвлөсөн байна.
Алдагдлын эсрэг эхний гол арга хэмжээ нь Холбооны Засгийн газрын зардлыг 1,6 их наядаар бууруулах. Үүнийг Обама наймдугаар сард зөвшөөрсөн юм. Тэр нь улсын зээлийн дээд хязгаарыг нэмэгдүүлэхээр бүгд найрамдахчуудтай тохиролцсон наймаа байв. Ерөнхийлөгч төрийн хөтөлбөрүүдийн зардлыг 580 тэрбумаар хасахыг зөвшөөрсөн билээ. Тухайлбал, ахмадуудын эмнэлгийн үйлчилгээний Medicaid хөтөлбөрийг 248 тэрбумаар, хүн амын эмзэг давхаргын эмнэлгийн тусламжийн хөтөлбөрийг 72 тэрбумаар, дээр нь Ирак ба Афганистан дахь цэргийн хүчнийг хорогдуулснаар 1,1 их наяд доллараар тус тус бууруулах юм байна.
Хоёр дахь арга хэмжээ нь баян компани ба хувь хүмүүсийн татварыг нэмэгдүүлэх явдал юм. Татварын шинэчлэл 1,5 их наяд доллар төсөвт оруулах ёстой. Шинжээчдийн хэлж байгаагаар эдгээр арга хэмжээ нь популист бөгөөд хөрөнгөтэй хүмүүсийн татварыг нэмснээр татварыг нуух ордлого гарч татвар багатай орнууд руу мөнгөний урсгалыг чиглүүлэх ажээ. Тэдний ярьж буйгаар Засгийн газрын заавал биелүүлэх зарлагыг бууруулах саналын зарим хэсэг л орох аж. Ирак, Афганистаны цэргийн зардалыг ч хэсэгчилэн хэлэлцэх ажээ.
Төсвийн зөрүүний гол нэмэгдэл нь хөгшин хүмүүсийн эмнэлгийн үйлчилгээ болон тэтгэврийн асуудалтай холбоотой. Тиймээс эдгээр зардлын зарлага нь төсвийг бужигнуулахгүй байхтай холбоотой. Хасалт хийх нь заавал бөгөөд техникийн талаасаа түүнийг гүйцэтгэхэд ихээхэн ээдрээтэй. “Төсвийн алдагдлыг бууруулах нь улсын өртэй тэмцэх явдал. Үүний тулд инфляци үүсгэн түүнийг үнэгүй болгох ёстой. Үүнийг зарим хөтөлбөрийн тоог зөөлрүүлэх эсвэл нэг тийм хөтөлбөрийг хассанаар түүнийг хийж болно. Ингэснээр мөнгөний хэмжээ нэмэгдэн инфляци өсөх болно” гэж зарим шинжээч үзэж байна.
"Ардын эрх" сонин
