Ургацийн мэдээг Ерөнхий сайдад танилцуулав

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

Ургацийн мэдээг Ерөнхий сайдад танилцуулав

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөн­хий сайд С.Батболд нарт өчигдөр Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхан ургацийн тайлан мэдээг та­нилцуулсан байна. Эхлээд Ерөн­хий сайдад энэ талаар тайланг танил­цуулсан бөгөөд “Энэ онд улсын хэм­жээнд 433,4 мянган тн үр тариа, 191,5 мянган тн төмс, 97,2 мянган тн хүнсний ногоо хураасан нь манай улсын түү­хэнд байгаагүй рекорд амжилт бол­лоо” хэмээн ХХААХҮ-ийн сайд Т.Бадам­жунай хэллээ. Ажлын амжилт, үр дүн­гийн талаар таатай сайхан мэдээлэл хүлээн авсан Засгийн газрын тэргүүн С.Батболд “Газар тариалангийн сал­барынхан маань онцгой амжилт гар­га­лаа. Тариаланчид, ногоочид, ме­ха­­ник­жуулагчид болон ургацын аж­лыг зо­хион байгуулсан салбарын тө­дий­гүй орон нутгийн удирдлагуудад Мон­гол Улсын Засгийн газар, нийт ард ир­гэдийнхээ өмнөөс талархаж байна” гэв.

Эх орныхоо хөрсөнд ургасан үр тариа, төмс хүнсний ногоо, чанартай гурил, органик бүтээгдэхүүнээр ард иргэдийнхээ хэрэгцээг бүрэн дүүрэн хангаж чадна гэдэг хамгийн чухал. Энэ бол манай улсын аюулгүй байдлын төдийгүй хөгжлийн баталгаа юм гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ үеэр хэллээ. Хүнсний хангамж гэдэг дэлхий нийтийн асуудал болоод байгаа ийм үед  Монгол Улс дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй үр тариа, хүнсний ногоо, гурил экспортлогч орон болох зорилт тавьж ажиллах учиртайг Ерөнхий сайд тодотгоод манай улс дэлхийн эдийн засгийн өрсөлдөөнд уул уурхай, хөдөө аж ахуй гэсэн хос морьтой “давхих нь” манай улсын хөгжлийн нэг багана, тэнхлэг юм гэдгийг онцоллоо.

Авсан зорилтоо бид энэ жил ажил хэрэг болгож чадлаа. Одоо ард иргэдийнхээ хүнсний хэрэглээнд эдгээр бүтээгдэхүүнээ жилийн дөрвөн улирлын туршид чанартай хүргэхийн төлөө гол анхаарлаа хандуулахад аж ахуйн нэгжүүд анхаарах учиртай. Тээвэрлэх, худалдах, борлуулалтын ажилд Засгийн газар эрх зүйн бөгөөд зохион байгуулалтын хувьд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Ард иргэдээ чанартай бүтээгдэхүүнээр тогтмол, тогтвортой үнээр хангаж чадаж байж энэ амжилтын үр дүн гарах учиртай гэдгийг анхааруулсан юм.

Хэд хэдэн аймаг онцгой амжилт гаргасныг Ерөнхий сайд дурдаад Сэлэнгэ аймаг 214 мянган тн үр тариа хурааж авсан нь манай улсын нийт ургацын тал хувьтай тэнцэнэ. Төв аймаг энэ жил түүхэндээ байгаагүй их ургац авсан. Булган аймаг үр тарианыхаа тоо хэмжээг эрс нэмэгдүүллээ гэж хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ зориуд тэмдэглэлээ.

Ерөнхий сайд өнгөрсөн хавар тариалалтын ажилтай Төв аймагт, харин өнгөрсөн сард ургац хураалтын ажилтай танилцаж Сэлэнгэ, Төв аймагт ажилласан юм. Тэрбээр энэ тухайгаа тэмдэглээд манай тариаланчид хичээл зүтгэлтэй ажилласны үр дүн гарлаа. Энэ намар ургацаа богино хугацаанд шуурхай хурааж, ажлаа сайн зохион байгуулж, өгсөн үүрэг даалгавар, өмнөө тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүсэнд нь талархаж байлаа.

Мөн тэрбээр Засгийн газраас хэрэг­жүүлсэн “Атрын III” аяны хүрээнд хийж хэ­рэгжүүлж байгаа ажлыг зохион бай­­гуу­лалт сайтай хэрэгжүүлсэн, хам­­тын бүтээлч ажлын үр дүнд ийм ам­жилтад хүрснийг тодотгоод хөдөө аж ахуй, га­зар тариалангийн салбараа дэм­жих бод­логоо үргэлжлүүлнэ гэдгийг дуулгав.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ч нам­рын ургацын дүн балансыг хүлээж аваад “Манай тариаланчид энэ намар үлэмж хэмжээний ургац хураан авсан явдалд нийт тариаланчдадаа баяр хүргэж байна” гээд улс орны хөдөө аж ахуйн салбарын цаг үеийн зарим асуудлаар яамны удирдлагуудтай санал солилцсон байна.

Б.Энхмаа

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж