С.Тунгалаг даатгалын мөнгө завшсанаа хүлээжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

С.Тунгалаг даатгалын мөнгө завшсанаа хүлээжээ

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга С.Тунгалаг өвчтөний хуурамч түүх бичиж, санхүүгийн баримт бүрдүүлэх замаар Эрүүл мэндийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө завшсан гэх хэрэг сүүлийн үед олны анхаарлын төвд ороод байгаа билээ. Тэрбээр асуудал үүссэн цагаас хойш өөрийгөө гэм буруугүй хэмээн өмгөөлж байсан. Харин МҮЭХ, МАОЭНХ, НДЕГ-аас байгуулагдсан гурван талт ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт уг асуудлыг шалгаж дууссан бөгөөд “С.Тунгалаг мөнгө завшсан нь олон баримтаар нотлогдлоо” гэсэн дүгнэлт гаргажээ. С.Тунгалаг ч Эрүүл мэндийн даатгалын сангаас 2.7 сая төгрөг завшсан гэдгээ хүлээсэн байна. Ажлын хэсгийнхэн улмаар түүнд болон уг хэрэгт холбогдох этгээдүүдэд хариуцлага тооцохыг шаардсан албан бичгийг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад хүргүүлсэн аж. Мөн хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанд шилжүүлжээ. Өдгөө түүнийг албан тушаалаа ашиглан бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзээд Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 3-т заасны дагуу хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Уг хэрэг нь албан тушаалаа ашиглахын зэрэгцээ зохион байгуулалттайгаар бүлэглэн үйлдсэн байх өндөр магадлалтай хэрэг тул мөрдөн байцаагчид холбогдох хэд хэдэн байгууллагын албан тушаалтнуудыг нэлээд нухацтай шалгаж байгаа аж.

Ажлын хэсгийн шалгалтын явцад Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн нийт зардлын 80 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлсэн, 2009-2010 онд хэвтэн эмчлүүлсэн гэх нийт 95 мянга орчим хүний 20 мянга гаруй хүнийх нь материал зөрчилтэй байсан зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн байна. Үүнийг иргэдэд учруулсан хохирлын хэмжээгээр нь тооцож үзвэл 300 сая төгрөгөөс хол давах юм. Тийм ч учраас С.Тунгалаг завшсан мөнгөнийхөө хэмжээг бага харагдуулахын тулд 2.7 сая төгрөг завшсан хэмээн ам алдсан бололтой. Гэвч тус Эрүүл мэндийн нэгдлийн нэг бус эмч олон жил даргынхаа дарамт шахалтаар хуурамч өвчний түүх бичиж байснаа нэгэнт баримтаар дэлгэсэн болохоор С.Тунгалагийн иргэдэд учруулсан хохирол 2.7-хон саяар тогтохгүй гэдэг нь тодорхой болжээ. С.Тунгалаг нь тус дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн даргаас гадна Иргэдийн хурлын төлөөлөгч нэгэн юм. 

Зөвхөн Чингэлтэй дүүрэг гэлтгүй бусад дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага ч даатгалын мөнгө шамшигдуулсан байж болзошгүй гэх мэдээлэл иргэдээс ирүүлж байгаа тул шат дараатай шалгалтыг цаг алдалгүй хийнэ хэмээн МҮЭХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Б.Батбилэг хэллээ.     

Ч.ДАШДЭЛЭГ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж