
Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооныхон өчигдөр Өвөрхангай аймагт ажилласан бол өнөөдөр Төв аймгийн Батсүмбэр суманд ажиллаж байна. Тус холбооны зүгээс өнгөрсөн есдүгээр сард “Төгс ардчилал” аяныг эхлүүлж, энэ хүрээнд гурван чиглэлээр ажиллах зорилт тавьсан юм. Нэгдүгээрт, иргэдэд санхүүгийн эрх чөлөө олгох, хоёрт, хувь хүний эрх, эрх чөлөөг хангах, гуравт шударга сонгууль бий болгох гэсэн зорилт тавиад байгаа. Аяныхаа хүрээнд холбооныхон Төв аймгийн Батсүмбэр сумын иргэдтэй уулзалт зохион байгуулж, шударга сонгууль явуулахын тулд иргэдийн зүгээс ямар хяналт тавих ёстой. Төр нь чухам ямар үүрэг хүлээх. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд 21 жил болж байгаа ч яагаад иргэд санхүүгийн эрх чөлөөнд хүрч чадаагүй байгаа. Мөн иргэн хүн төрмөл эрх чөлөөгөө эдлэхийн тулд яах ёстой гээд олон сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн нь тэр бүр оюунаа цэнэглэж чаддаггүй хөдөөгийнхөнд жинхэнэ оюуны талх болжээ.
Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооныхон “Төгс ардчилал” аяныхаа үр дүнг ирэх оны гуравдугаар сард дүгнэх юм.
Г.Дарь