АН, УДБЭТ-ын хооронд газрын маргаан дэгдсэн үү?

Хуучирсан мэдээ: 2011.10.10-нд нийтлэгдсэн

АН, УДБЭТ-ын хооронд газрын маргаан дэгдсэн үү?

Ардчилсан нам шинэ сайхан өргөө сүндэрлүүлэхээр шав тавиад удаж байна. Хуучин байшингаа буулгасан ч шинэ нь хэзээ баригдаж эхлэх нь тодорхойгүй. Гэтэл сууриа ч ухаагүй Ардчиллын өргөөг тойрсон хэл ам дэгдээд эхэлжээ. Учир нь хуучин байшингийнхаа суурин дээр хорин давхар ордон босгоно хэмээн зураг төслийг нь хийлгээд жин тан болгосон, тэр ч бүү хэл, хөрөнгийнх нь асуудлыг ч шийдчихсэн гэх энэ ажилд нь газартай холбоотой маргаан гарч ирсэн байна. Соёлын төв өргөөний залгаа багахан зайд багтаана хэмээж байсан нь яг барилгын ажил эхлээд байшингаа босгох гэхэд газар нь жижигдээд бөгс эргэх зайгүй зовоож буй юм байх. Тиймээс Ардчилсан намын генсек хөрш Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын нэр дээр газар чөлөөл гэсэн утгатай бичиг илгээжээ. Бүр нэг биш удаа гэнэ. Гэвч эзэмшил газар дээрээ өөрийн гэсэн эд хогшлоо хадгалж байгаа гээд дуурийн театрынхан газар чөлөөлөх бо­ломжгүй гэсэн хариуг тухай бүрт нь явуулсан байна. ДБЭТ-ийн захирал Б.Сэргэлэнгийн нэр дээр Ардчилсан намаас өнгөрсөн наймдугаар сарын 15-нд ирсэн албан бичигт “Тус намын шинэ байр “Ардчиллын өргөө” цогцолборын барилга угсралтын ажил наймдугаар сарын 20-ноос эхлэх гэж байгаатай холбогдуулан барилгын талбайд байгаа тайзны хэрэглэл болон бусад эд зүйлсээ чөлөөлж өгнө үү” хэмээсэн байна.  

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатын гарын үсэгтэй эл бичгийн хариуг Дуурийн театр маргааш нь явуулсан.

Гэтэл өнгөрсөн сарын 5-нд АН-аас дахин албан бичиг иржээ. Үүндээ тус нам нь Соёлын төв өргөө, Дуурийн театр хоёрын завсарm 3350 метр квадрат газрыг эзэмшдэг. Энэ газар дээрээ “Ардчиллын өргөө-Ард түмний өргөө” цогцолбор барих гэж байгаа бөгөөд тус театрын тайзны хэрэгсэл, эд зүйлсээ хураасан газар нь тэдний барих гэж буй шинэ өргөөний барилгын талбайд орсон тул тэр хэсэг газрыг чөлөөлж өг гэсэн шаардлагаа дахин тавьжээ. Уг бичгийн хариуд ДБЭТ-аас “Тус театр нь есдүгээр сарын 1-нээс эхлэн 49 дэх уран бүтээлийн улирлын үйл ажиллагаагаа нээж, үзэгч олон түмэнд сонгодог урлагаар үйлчилж эхэлсэн учир тоглолтод байнга хэрэглэдэг эд зүйлс болон байгууллагын хойд талын хаалганы орчны талбайг чөлөөлөх ямар ч боломжгүй” гэсэн бичиг явуулсан байна. Хоорондоо бичиг шидэлцээд ч шийдэж дийлэхгүй байгаа газрын маргааны талаар Дуурь бүжгийн эрдмийн театрын захирал Б.Сэргэлэнгээс тодрууллаа.

-АН-аас танайхыг газар чөлөөлж өг хэмээн шаардаж байгаа гэсэн үү?

-Тийм шаардлага тавьж байгаа Соё­лын төв өргөө, Улсын филармонийн дунд байсан дөрвөн гараашийг өн­гөрсөн наймдугаар сард нэг л шөнө ачаад явчихсан байна билээ. Тэгээд гараашийг авчихаар онгойсон зай үлдэхэд нь манайхан өөрсдөө хашаа барьж  эд зүйлсээ хамгаалсан. Одоогоор эвдээд ороод ирээгүй ч хашаагаа нураалгаж талбайгаа булаалгахгүй гэсэндээ манай ажилчид байнга манаж байна. 

-Албан бичгийнх нь хариуг юу гэж өгсөн бэ?

-Хоёр удаа албан бичиг ирүүлсэн. Хариуд нь манайх “Чөлөөлөх боломжгүй” гэсэн. Энэ асуудлыг шийддэг газар нь шийдэх биз дээ. Тэдэнд зүгээр нэг төмөр, банз харагдаж байгаа тэр зүйлс бидний хувьд асар үнэтэй шүү дээ. Манайх тайзны урлагийн байгууллага. Урын санд маань байгаа сонгодог бүтээлүүдийг тоглоход тайзанд ашигладаг хүний гараар бүтсэн нэг ёсны урлагийн бүтээл болсон зүйлсээ бид хашаандаа хадгалдаг юм. Гэтэл АН-ынхан эднийгээ хурдан зайлуулаач гээд байгаа. Ингэхэд бид хааш нь зайлуулж эд хөрөнгөө хаана хадгалах вэ. Бүх юм задгай болохоор алдчих вий гэж айж байна. Эдгээр бүтээлүүд нэг ёсондоо төрийн өмч шүү дээ.

Тэрбээр ийнхүү хэлээд манай тайзны ажилчид илүү дэлгэрэнгүй мэднэ гээд тэдэнтэй уулзахыг зөвлөсөн юм.

Тайзны ажилчид “Барилгынханд бид манай газрыг ухаж сэндийлж болохгүй, олон газрыг цахилгаанаар хангадаг гол шугам нь манайхаас эхлэлтэй гэж хэлсэн. Тэд өмнө нь СТӨ, “Улаанбаатар”-ын шугамыг ухаад гаргачихсан. Дараа нь манайх руу ухаж эхлэх гэхээр нь эсэргүүцэж болиулсан. Хэрвээ эксковатораар ухвал цахилгааны шугамын утас гэмтэж олон байгууллагын цахилгаан тасарна гэсэн үг. Ингэж хэлэхээр бидэнд хамаагүй гэдэг юм. Ардчилсан намын Хосбаяр гэж хүн хариуцаж газар ухуулж байгаа гэсэн. Барилга барьж байгаа  гэж хааяа хоёр трактортой хүн л газар ухаж харагддаг. Түүнээс яг барилгын ажил эхэлсэн юм алга. Энэ хашаа манай бүх тайзны бүтээлийг хадгалдаг газар. Хэрвээ хашааг буулгавал бид тоглолтын бүтээл, эд хөрөнгөө хаана хадгалах вэ” гэж ярьсан юм.   
Дуурийн театрын цахилгаанчин “Ард­чилсан  нам цахилгаанаа манай­хаас авдаг. Хэрвээ газар доорх гэрлийн утас гэмтвэл Засгийн газрын Б байр, Гадаад харилцааны яамны А байр, хуучин хэвлэх үйлдвэр, Хувьсгалт намын байр, СТӨ зэрэг олон байгууллага цахилгаангүй болно. Өмнө нь энэ барилгынхан газар ухаж байхдаа манай бүтээлүүдэд хайр найргүй хандсан. Тэдний нүдэнд зүгээр нэг хог новш мэт харагдаж болно. Хамгийн гол нь дэлхийн сонгодог бүтээл гэдгийг мэдэхгүйд харамсч байна” гэлээ.

Барилгын талбайд багтсан нэрээр буулгуулсан гарааш Улсын филармонийн мэдэлд байсан юм билээ. Тиймээс Филармонийн дарга Ч.Даваасүрэнтэй холбоо барихад “Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаттай байгуулсан гэрээгээр манай байгууллагын том оврын хоёр автобусны гараашийн газрыг аваад оронд нь барих барилгынхаа доод давхарт  гурван машины зогсоол өгнө гэсэн. Нийт дөрвөн гарааш байсан юм. Нэг нь “Морьт хангай” группийнх, нөгөө нь Соёлын төв өргөөнийх юм гэсэн. Тэдэнтэй ч мөн адил гэрээ байгуулж, гарын үсэг зурсан гэсэн. Манайхтай ямар нэгэн маргаан гараагүй. Дуурийн театрынхан хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж сонссон” гэв.

Зохиогчийн эрх: “Өдрийн шуудан” сонин

О.Сайханцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж