
Засгийн газар өнгөрсөн оноос 70, 50 мянга, дараа нь 21 мянган төгрөгийг сар бүр бэлнээр өгч эхэлсэн. Энэ мөнгийг одоо “Хадгаламж”, “Капитал” банкууд тараадаг. Уг нь орон даяар салбартай ХААН банк тарааж байсан ч тодорхой шалтгааны улмаас татгалзсан тухай НХХЯ-ны удирдлагууд хэлдэг. Харин тус яам ХААН банкийг татгалзсаны дараа банкуудад уг мөнгийг иргэдэд тараах санал тавихад “Хадгаламж”, “Капитал” хоёр л зөвшөөрчээ. Тиймээс ч 2011 оны долдугаар сараас эхлэн мөнгө тараах ажлыг шилжүүлсэн ажээ. Орон нутагт салбар олонтой учир “Хадгаламж” банк аймаг сумдад голдуу, “Капитал” банк нийслэлд Хүний хөгжлийн 21 мянган төгрөгийг тарааж буй. Тодруулбал, “Хадгаламж” банк 93, “Капитал” банк долоон хувийг нь тарааж байгаа гэнэ. “Хадгаламж” банкны хувьд уг ажлыг гүйцэтгэхийн тулд 344 ажлын байр нэмж, 85 нэгж шинээр байгуулж, 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэдэг. Хүний хөгжлийн 21 мянгын түүх товчхондоо ийм.
Харин хураамж болгон авч байгаа 350 төгрөгийн тухайд санаачлагч нь ХААН банк. Эхэлж авдаг байсан 50 төгрөг ХААН-д чамлагдсан тул нэхэж нэмүүлсэн. Гэхдээ нэгэнт банк үйлчилгээ үзүүлж зардал гаргаж буй учраас үүнийгээ нөхөх ёстойг УИХ-ын гишүүд мэддэг болов уу. Банкуудын авч буй 350 төгрөгийн хувьд НХХ-ийн сайд Т.Ганди Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг зөрчөөгүй хэмээн мэдэгдэж байна. Ер нь арилжааны банкуудын үйл ажиллагааны хураамж зах зээлийнхээ горимоор зохицуулагддаг. Аль нэг хуулиар бус. Хүний хөгжил сангаас иргэдэд олгож байгаа 21 мянгаас 350 төгрөгийг үйлчилгээний шимтгэлд авч буй нь тэмдэгтийн хураамжид огт хамаарахгүй ажээ. Нөгөөтэйгүүр энэхүү 350 төгрөгийн хураамжийг банк авдаггүй болох ганц л арга байгаа. Тэр нь тухайн банкны үйлчилгээний зардлыг төсөвт суулгаж өгөх. Ингэснээр иргэд 21 мянган төгрөгөө бүтнээр нь авах боломжтой.
Хүний хөгжил сангийн тухай хуульд зөвхөн орон сууц, боловсрол, эрүүл мэнд гэсэн хэлбэрүүдээр сангийн мөнгийг зарцуулахаар заажээ. Үүнээс өөр зориулалтаар буюу банкны хураамжийг сангаас гаргах боломжгүй гэнэ. Мөн нийгмийн халамжийн сангийн тэтгэвэр тэтгэмжийг олгох банкийг тендерээр сонгодог номтой. Харин Хүний хөгжил сангийн хишиг хувийг авч буй иргэн өөрөө хураамж төлж байгаа учраас энэ үйлчилгээнд тендер зарлах боломжгүй тухай албаны эх сурвалж тайлбарлаж байгаа.
Д.Арвин гишүүний сонгож авсан шоуны шинэ сэдвийн тухай товч дурдахад энэ. Тэрбээр, УИХ-д гурав дахин сонгогдсон туршлагатай гишүүн. Тэр утгаараа сонгууль дөхсөн энэ үед нэр хүндээ өсгөх алхмыг хийж гаршсан нь тодорхой. Тиймээс Д.Оюунхорол, Ц.Даваасүрэн нарыг уриалан ард түмнийхээ төлөө энэ сэдвээр “ажиллахаар” шийдээд байгаа бололтой юм. Яг л Оюутолгойн 20 гэдэг шиг. Хүний хөгжлийн 350-ийн гурав болж алдарших юм байх, тэд.
Зохиогчийн эрх: “Өдрийн шуудан” сонин