
Йемений Ерөнхийлөгч Али Абдулла Салех удахгүй огцрох болсноо мэдэгдлээ. Абдулла Салех өмнө нь хэд хэдэн удаа албан тушаалаасаа огцорч эрх мэдлээ шилжүүлнэ гэж мэдэгдэж байсан авч эцсийн мөчид шийдвэрээсээ буцаж байсан юм. Йемений Ерөнхийлөгч өнгөрсөн зургадугаар сард ордонд нь халдлага гарахад хүнд шархдаж, Саудын Арабт эмчлүүлсэн. Өнгөрсөн сард Абдулла Салехыг эх орондоо эргэн ирэхэд эсэргүүцэгчдийн хөдөлгөөн түүнийг угтан авсан билээ. Тэрбээр Персийн булангийн орнуудаас санаачилсан эрх мэдлээ шилжүүлэх хэлэлцээнд гарын үсэг зурахаас татгалзсаар байгаа юм. Гэвч Йемений мэдээллийн яамны дэд сайдын мэдэгдэж буйгаар Абдулла Салех Ерөнхийлөгчийн албан тушаалд цаашид удаан тэсэхгүй нь тодорхой болсон гэнэ. Харин Абдулла Салех үндэсний телевизээр мэдэгдэл хийхдээ эрх мэдлээ шилжүүлэхээ мэдэгдсэн ч хэзээ огцрох нь тодорхойгүй байгаа ажээ. Өнгөрсөн есдүгээр сард Абдулла Салех эх орондоо ирсний дараа сөрөг хүчнийхэн түүнд бүх нийтийн сонгуульд өрсөлдөх боломж өгөхгүй бол албан тушаалаасаа огцрохоос татгалзсан билээ. Абдулла Салехын дэглэмийг эсэргүүцэгчид түүнийг огцрохыг шаардан нийслэл Санаа хотын төв талбайд суултаа үргэлжлүүлсээр байгаа юм.
Н.Энх