
Азербайжаны нийслэл Баку хотноо олимпийн наадмын эрх олгох боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Манай улс уг тэмцээнд нийт найман тамирчин илгээсэн юм. Тэднээс хамгийн түрүүнд 2008 оны Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба 49 кг-ын жинд хүрэл медалийн болзол хангаад байв. Хөдөлмөрийн баатар маань медалийн өнгөө хувиргах дараагийн тоглолтоо бямба гарагт хийсэн ч энэ удаа Миланы дэлхийн аваргын хүрэл медальт, БНСУ-ын тамирчин Шин Жун-Хуныг барсангүй. Хэдийгээр Сэрба медалийн өнгөө хувиргаж чадалгүй, хүрэл медөль дээр буусан ч Лондонгийн олимпийн эрхээ өвөртөлж, боксын дэлхийн аваргаас хос медаль хүртсэн Монголын анхны тамирчин боллоо. Манайд өмнө нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой медаль хүртэж байсан боксын тамирчин байхгүй билээ. Дэнжийн 1000-д өсч торнисон түүнийг найз нөхөд, ойр дотныхон нь Сэрба хэмээн дууддаг. Багаасаа сэргэлэн, бас жаахан дэггүй өссөн түүнийг аав нь “хашраах” гэж анх боксын дугуйланд оруулсан гэдэг. Харин тэр годгоносон шар хүүгийн дэггүйтлийг өөр зүйл рүү хөтөлсөн аавынх нь зөв байж. Өнөөдөр Сэрба бас нэгэн өвөрмөц амжилтын эзэн болж байна. 2009 онд Миланд болсон боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түүнийг явахын өмнөхөн аав нь нас барж, сэтгэл зүйн хувьд маш хүнд байсан ч тэр тэндээс алтан медаль авч чадсан юм. Нутагтаа ирснийх нь дараа Д.Банди багш нь “Би ийм сэтгэлийн тэнхээтэй хүүхэд урьд нь харж байгаагүй. Үнэхээр адтай, биширмээр боксчин. Рингэн дээр түүн шиг “бүжиглэж” тоглодог хүн ховор доо.” хэмээн дуу алдаж байсан билээ. Энэ удаа дэлхийн аваргаас Сэрба алтан медаль авч чадаагүй ч ирэх жилийн Лондонгийн олимпийн алтан медалийн даллага нь энэ хүрэл медаль биз ээ.
Н.Мөнхтөвшин"Улс төрийн тойм" сонин
