Төрд мартагдсан Гачууртын цэцэрлэг

Хуучирсан мэдээ: 2011.10.10-нд нийтлэгдсэн

Төрд мартагдсан Гачууртын цэцэрлэг

Хотын төвөөс 20-иод км-т орших Баянзүрх дүүргийн XX хороо буюу Гачуурт тосгоны 63 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаа, нөхцөл байдлын талаар сурвалжилсан юм.

“Монгол шилтгээн” жаахан өнгөрөөд л Гачуурт тосгоны захиргаа, сургууль, цэцэрлэг байрладаг юм байна. Бид усан үзмийн өнгөтэй хоёр давхар цэцэрлэгийн үүдэнд өглөө 8:55 цагт очлоо. Хаалгаа барихад тавхан минут дутуу байсан учраас эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт цэцэрлэгийн зүг яаран гүйцгээнэ. “Хурдлаарай” гэх багшийн дуугаар хоёр охин бидний хажуугаар салхи татуулан гүйж, цэцэрлэгийн хаалга эгээтэй л мөргөчихөлгүй амжиж оров. Энэ өдөр цэцэрлэгээсээ хоцорсон хүүхэд гарсангүй. Хүүхдүүд анги ангидаа орсноор тэдний нэг өдөр эхэллээ. Бидний хамгийн түрүүнд уулзсан хүүхдүүд бол Г.Эрдэнэчимэг багштай “Дэгдээхэй” бүлэг. Энэ бүлгийнхэн улаан бүтээлэгтэй ширээнүүд тойрон тав таваараа суужээ. Тэд өглөөний цайгаа уух гэж буй нь энэ аж. Сэргэлэн байрын гялалзсан нүдтэй бяцхан охин хоёр сандал чирсээр бидэнд авчирч өгөөд суухыг хүссэн юм. Таван настай хүүхдэд л зориулсан бяцхан сандал дээр суувал юу болох нь тодорхой учраас охины хүсэлтийг найрсгаар буцаав. Ширээ тойрон суусан хүүхдүүд сүүтэй шар будаагаа хүлээх зуураа бидэнд дуу дуулж, шүлэг уншиж өгсөн. Тус бүлгийн Б.Чинзориг намрын тухай сайхан шүлэг уншсаны дараа хүүхдүүд нэг нэгээрээ сайн дураараа босч ирээд л бусдынхаа өмнө гарч авьяасаа үзүүлж эхэлсэн. Бид ч тэдэнд урам өгч, алга ташихаа мартаагүй. Хүүхдүүд ийн дуулж бүжиж байхад ягаан цамц, цэнхэр пүүзээр ижилссэн ихэр хөвгүүд ширээнийхээ ард чимээгүй сууна. Тэднийг М.Буман-Эрдэнэ, М.Буманбаяр гэдэг бөгөөд ангийхан нь “томоотой” гэж тодотгосон юм. Хүүхдүүд сүүтэй будаагаа идсэний дараа гутлаа тайлаад өрөөний хойно дэвссэн жижиг хивсэн дээр гарч, өглөөний дасгалаа хийв. Ангийн багш Д.Буянжаргал өвчтэй байгаа тул туслах багш Г.Эрдэнэчимэг ганцаараа ажиллаж байгаа юм байна. Тэрбээр хүүхдүүдээ дасгалд удирдсаны дараа хүүхэд бүрийн дэвтэр дээр гурвалжин, дөрвөлжин дүрс зурж өгснөөр тэдний хичээлийн цаг эхлэв. Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцсан юм.

Эцэг эх нь ирж аваагүй хүүхдүүдээ гэртээ авчирдаг байлаа

-Таныг энэ цэцэрлэгт олон жил ажиллаж байгаа ахмад багш гэж сонслоо?

-Энд 25 дахь жилдээ ажиллаж байна. Манай цэцэрлэг анх 1963 онд Гачуурт сангийн аж ахуйн малчин, саальчдын хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох зорилгоор байгуулагдсан юм. Цэцэрлэг маань сургуулийн дотуур байранд үйл ажиллагаа явуулдаг байлаа. Тэр үеэс энэ цэцэрлэгтэй ажил амьдралаа холбосон. Гурван бэлтгэл анги төгсгөлөө. Энэ бүлгийг авахаас өмнө 24 цагийн бүлэгт багшилж байсан. Манай бүлэгт 43 хүүхэд сурч хүмүүжиж байна.

-Хэсэг хугацаанд хүүхдүүдтэй хамт байхад чих дөжрөм чимээ шуугиантай юм. Бага насны хүүхдүүдтэй ажиллахад ямар байдаг вэ?

-Эхэндээ дуу чимээ ихтэй, энд ч нэг хүүхэд уйлаад, тэнд ч нэг хүүхэд хашгираад хэцүү байдаг байсан. Харин одоо дасчихсан. 24 цагийн бүлэгт ажиллаж байхад эцэг эхчүүд нь хүүхдүүдээ баасан гаригт ирж авахгүй тохиолдол олон гардаг байв. Тэгээд л нөгөө хүүхдүүдээ гэр рүүгээ аваад явдаг юм. Хүүхдүүд миний амьдралын салшгүй хэсэг болсон.

Ийн ярих Г.Эрдэнэчимэг багшаас эхлээд энэ цэцэрлэгийнхэн орчноо өнгөтэй өөдтэй байлгахын тулд хичээж ажилладаг юм билээ. Тэд цэцэрлэгийн гаднах талбайг тохижуулж, мод тарьж, цэцгийн мандал барьж, үзүүлэн, тараах материал, тоглоомоо өөрсдөө хийжээ. Мөн цэцэрлэгийн хашаанд багахан талбайд хүлэмж барьж, өргөст хэмх тарьж, түүнийгээ худалдан, ойр зуурын хэрэглээндээ зарцуулдаг байна.

Анх 25 хүүхэд, гурван багш, ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн энэхүү цэцэрлэгт одоо 34 багш ажилтан, 250 хүүхэд сурч хүмүүжиж байна. Гэвч энэ нь Гачуурт тосгоны сургуулийн өмнөх боловсрол эзэмших ёстой хүүхдүүдийн тал хувь нь. Тус тосгонд 9000 орчим хүн амьдардаг бөгөөд цэцэрлэгийн насны 580 хүүхэд байдаг гэнэ. Энэхүү цэцэрлэг 130 хүүхдийн хүчин чадалтай ч өөр цэцэрлэг байхгүйн улмаас нэг дахин олон хүүхэдтэйгээр ажиллаж байгаа юм байна. Гачууртад хувийн нэг цэцэрлэг байдаг ч төлбөртэй цэцэрлэгт хүүхдээ өгөх эцэг эх цөөхөн гэнэ. Учир нь энэ тосгонд дөрвөн төсвийн байгууллага, хэдэн дэлгүүрээс өөр аж ахуйн нэгж байхгүй учраас хүмүүсийн амьжиргааны түвшин доогуур ажээ. Олонх нь малчид. Тиймээс алслагдсан Хар хошуу, Их ам, Шар хоолой зэрэг газрын малчдын хүүхдэд зориулж, 24 цагийн хоёр анги нээж ажиллуулдаг юм байна. Эцэг эх нь хүүхдээ даваа гаригт хүргэж өгөөд баасанд ирж авдаг тул багш нар өдөр, шөнө гэсэн хоёр ээлжээр хүүхүүдийг харж ханддаг ажээ. Хотын төвөөс алслагдсан энэхүү цэцэрлэгт тулгамдсан асуудал олон байсан юм. Улсаас өгч байгаа төсөв санхүү багш, ажилтны цалин, хүүхдийн хоол хүнсэнд дөнгөж хүрдэг байна. Байгуулагдсан цагаасаа их засварт нэг ч удаа орж байгаагүй ажээ. 1987 онд хэрэглэж байсан ширээ сандалтайгаа өдий хүрчээ. Өнгөрсөн зун эцэг эхийн хандив тусламжаар хүүхдүүдийнхээ хөнжил гудсыг сольсон гэнэ. Урсгал засварын мөнгө гэж улсаас жилд 200 гаруй мянган төгрөг өгдөг бөгөөд энэ мөнгөөр нэг ангиа ч олигтой тохижуулж ч хүрдэггүй. Урсгал засварыг багш ажилтан, эцэг эхчүүдийн хүчээр хийж, урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөөр өдийг хүрчээ. 63 дугаар цэцэрлэг нэг бага, хоёр дунд, хоёр бэлтгэл, нэг ахлах бүлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Шар хоолойн бригадад нэг салбар бүлэг нээсэн байна. Тэнд 25 хүүхэд сурдаг ажээ. Цэцэрлэгийн багш нарын цалин бага байгааг тэндэхийн багш нар хэлж байсан. Тухайлбал, 15-16 жил ажилласан үндсэн багш сард 329 мянган төгрөгийн цалинтай бол туслах багш 200 мянган төгрөгийн л цалин авдаг аж. Хотын цэцэрлэгийн багш ажилтанд унааны мөнгө гэж сард 4000 орчим төгрөг өгдөг бол Гачууртын багш ажилтанд ажилдаа ирэхэд автобусанд суух шаардлагагүй гээд унааны мөнгө өгдөггүй юм байна. Тэд хотын төвд болж буй аливаа сургалт, арга хэмжээнд оролцох гэж хэдэн автобус дамжиж, өдөрт 2000 мянган төрөг зарцуулдаг бол жижиг машинаар явахад бүр ч их мөнгө хэрэгтэй болдог гэнэ.

63 дугаар цэцэрлэгийн бас нэг асуудал нь хүүхдийн тоглоомын хүрэлцээ. Зориулалтын тоглоом ховор учир багш, ажилтнууд нь өөрсдөө элдэв лааз, хуванцар сав, цаас даавуу ашиглан тоглоом хийдэг байна. 24 цагийн бүлгийн хүүхдүүдтэй уулзсаны дараа гал тогооны өрөөгөөр орсон юм. Баянзүрх дүүргийн бүх цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсийг “Өсвөр үеийн хүнс” төрийн өмчийн газар хангадаг аж. Долоо хоногт нэг удаа очиж хүнсээ авдаг гэнэ. Өдрийн ангийн хүүхэд өдөрт 1100, 24 цагийн ангийн хүүхэд өдөрт 1600 төгрөгийн хоол иддэг юм байна. Хүүхдүүдэд өдөр бүр сүү, тараг өгөх гэхээр 1100 төгрөгөөсөө илүү гараад байдаг тул долоо хоногт нэг удаа л аяга сүү, тараг өгдөг гэж байсан. Харин өнгөрсөн онд “Тогтвортой амьжиргаа” төслөөс 26 сая төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, гал тогооны техник хэрэгслээр хангаж, цэцэрлэгийн дээврийг нь шинэчилжээ. Тус цэцэрлэгийн ахлах тогооч Б.Бодьгэрэл “Өнөөдөр хүүхдүүддээ зутан шөл, цуйвантай өгнө. Зутан шөл их илчлэгтэй болохоор хүүхдүүдэд тохиромжтой байдаг юм. Төмс ногоогоо бяцалж өгдөг. Нэг хүүхэд өдөрт идэх хоол хүнснийхээ 75-80 хувийн илчлэгийг цэцэрлэгтээ авах ёстой. Тиймээс бид өдөрт нэг хүүхдэд 1600-1700 илчлэгтэй хоол өгдөг” гэсэн юм. Харин хүүхдүүдийн бие засах суултуур стандартын бус, том суултуурууд байсан төдийгүй бойлуураар усаа халааж хэрэглэдэг. Үүний зэрэгцээ хэрэглээний ус хангалттай хэмжээнд байдаггүй аж. Гүний худгаас усаа татаж, таван тоннын хэмжээтэй саванд нөөцөлдөг гэнэ. Өдөрт 15 гаруй тонн ус хэрэглэдэг ажээ. Төвийн цэцэрлэгүүд шиг хүссэн үедээ хангалттай хэмжээний усыг хананаасаа авч хэрэглэж чаддаггүй учраас ариун цэврийн байдал бас сайнгүй. Гэхдээ эндхийн багш ажилтнууд асуудал тоочилгүй аль болох халдваргүйжилтийн дэглэм баримтлан ажилладаг гэж байсан.

Үүний дараа тус цэцэрлэгийн эрхлэгч Ч.Уртнасангаас цөөн асуултад хариулт авсан юм.

-Танайд халаалт ирээгүй байгаа юм уу. Ангиуд сэрүүхэн байлаа?

-Манай хороо нэг л уурын зуухтай. Төвийн төвлөрсөн системд холбогдоогүй учраас халаалтаа орой авч, эрт зогсоодог юм. Өөрөөр хэлбэл, төв газрынхан халаалтаа есдүгээр сарын 15-наас авдаг бол манайх аравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэл халаалтаа авдаг. Бид халаалтаа эрт авахыг хүсдэг ч бусад байгууллага төсөв мөнгө хүрэлцэхгүй шалтгаанаар тавдугаар сарын 1-нд халаалтаа зогсоочихдог юм. Тиймээс ганц манай цэцэрлэгийн төлөө уурын зуух ажиллахгүй шүү дээ. Есдүгээр сард цас орж хүйтрэхэд халаалтаа авъя гэсэн боловч өгөөгүй.

-Танай цэцэрлэгийн онцлог болон тулгамдсан асуудал юу байна?

 -Хөдөө, бригадын хүүхдүүдийг 24 цагийн цэцэрлэгт авдгаараа дүүргийн бусад цэцэрлэгүүдээс онцлогтой. Бүх багш нараа мэргэжлийн болгох зорилготой ажиллаж байна. БСШУЯ, бусад холбогдох газруудад цэцэрлэгээ өргөтгөх өргөдөл өгсөн. Ирэх оноос өртгөлийн ажил шийдэгдэх байх. Улсын хэмжээнд 40 цэцэрлэг шинээр барьж, өргөтгөнө гэсэн түүнд багтах байх гэж найдаж байна.

Гачуурт тосгоны улсын ганц цэцэрлэгийн нөхцөл байдал ийм байсан юм. Дараагийн удаа бид хотын төвийн цэцэрлэгээс сурвалжлан хүргэх болно.

Ч.Болортуяа

Зохиогчийн эрх "Өдрийн шуудан"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж