
Ам.доллар чангарч, евро суларсны шалтгааныг хүмүүс Засгийн газраас иргэдэд сонгуулиар амласан амлалтаа биелүүлэхээр бэлэн мөнгө цацахаар болж, төсвийн тодотгол хийхтэй зэрэгцэн ам.долларын ханшийг зохиомлоор хөөрөгдөж байна хэмээн таамаглаж байгаа ажээ. Улс төрийн намууд сонгуулийн бэлэн мөнгөний амлалтаа биелүүлж, он гармагц өндөр настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутанд нэг сая төгрөг бэлнээр олгож, төсвийн байгууллагын ажилтнуудын цалин, өндөр настны тэтгэврийг 53 хувиар өсгөхөөр зарласантай зэрэгцээд дэлхийд санхүүгийн хямралын ээлжит давалгаа нүүрлэх төлөв бүрдсэнийг гадаад, дотоодын эдийн засагч, судлаачид зарлаж эхлэв. Энэ талаар өнгөрсөн долоо хоногийн дундуур Монгол Улсын Ерөнхийлөгчид УИХ-ын дарга, Ерөнхий сайд, улс төрийн намын дарга нар бараалхах үед ч яригдсан. Монголын төсвийг тэтгэгч гол бүтээгдэхүүний нэг зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр унаж эхлэв. Goldman Sachs, Morgan Stanley, Deutsche Bank, Standard Chartered зэрэг санхүүгийн байгууллагууд 2012 оны зэсийн үнийн прогнозыг 17 орчим хувиар бууруулжээ.
Грек, Италиас эхэлсэн Евро бүсийн өрийн хямрал, АНУ-ын төсвийн алдагдал, Азийн орнуудын үнийн хөөрөгдлөөс шалтгаалж дэлхийн эдийн засагт шинэ хямрал нүүрлээд байгааг сүүлийн өдрүүдэд зарлаж, улмаар 2013 он гэхэд дэлхий нийтээрээ эдийн засаг, санхүүгийн ээлжит хямралд өртөх талаар тэргүүлэх эдийн засагчид мэдэгдэж байна.
Манай улстөрчдийг “мөнгөний сав бялхав” хэмээн төсвийн тодотгол хийж, 2012 оны улсын нэгдсэн төсвийг сонгуулийн амлалтаа биелүүлэх нөхөөсний төсөв болгож суух зуур зэс хэмээх “саалийн үнээ”-ний сүү татарч, дэлхий нийтээрээ ирэх хоёр жилийн хямралд бэлтгэн дотоод эдийн засгаа бэхжүүлж, уналтаас сэргийлэн зээл авч эхэлжээ. Итали улс л гэхэд манай өмнөд хөрш Хятадаас зээл гуйсан байна. Хямралд нэрвэгдээд буй Евро бүсийнхэн Хятадыг “авралын од” хэмээн нэрлэж эхэллээ. Өнгөрсөн 2008-2009 оны эдийн засаг, санхүүгийн хямралын үеэр Хятад ганцаараа эдийн засгийн өсөлтөө хадгалж, АНУ хүртэл зээл тусламж хүсч байсан билээ. Энэ байдал 2012-2013 онд ч дахин давтагдаж магадгүй байна. Монголд ам.долларын ханш өсөөд эхэлсэн нь зохиомол хөөрөгдөл байж болох ч төсөвт бэлэн мөнгөний амлагаа ихээр тусгавал ирэх жилийн хямралтай зэрэгцээд монгол мөнгөний үнэ цэнэ доошилж инфляц өсөх аюул нүүрлэж мэдэхээр болжээ.