
Холбооны зүгээс
1.Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар стратегийн ач холбогдолтой бүх ордуудаас Монголын талын эзэмших хувь хэмжээг 51-иас доошгүй хувьд хүргэх.
Байгаль орчны нөхөн сэргээлтийг хуулийн дагуу хийж гүйцэтгээгүй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг шууд цуцлах, байгаль орчны хяналт хохирлын үнэлгээний шинэ горим тогтоох.
2.Тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамжийн тогтолцоонд өөрчлөлт оруулах замаар тэтгэврийн зөрүүг арилгах, халамжийн хавтгайрсан бодлогыг халах.
3.Олон нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах тухай хууль батлан гаргах. Хувийн эрх ашгийг нийтийн эрх ашгаас дээгүүрт тавьсан, олон нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан бүх шатны албан тушаалтанд хатуу хариуцлага тооцох. Хариуцлагын шинэ тогтолцоог бүрдүүлэх.
4.Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх замаар орон нутгийн удирдлагыг иргэдийн төлөөллөөр бүрдүүлэх. Бүх шатны Засаг даргыг тухайн орон нутгийн иргэдээс шууд сонгодог болох.
5.Монгол хүний үнэ цэнийг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй гадаадын болон Монгол ажилчдын хөдөлмөрийн хөлсний хэмжээг тэнцвэржүүлэх, ялгааг арилгах. Гадаад, дотоодод өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн монгол залуусыг дэлхийн хэмжээний цалин хөлс авч, эх орондоо ажиллах нөхцөл бүрдүүлэх зэрэг асуудлуудыг гарган тавьж, буй юм. Тиймээс дээрх асуудлын хүрээнд иргэн та санал бодлоо илэрхийлж, аяны үйл ажиллагаанд оролцох боломжтой ажээ.