
Тухайлбал, тэр мэдээнд АЦС-ыг барихдаа таарч тохирохгүй технологи ашигласан гэж өгүүлсэн байв. Уг мэдээгээр станцыг эхлээд 1975-1980 онд ХБНГУ-ын мэргэжилтнүүд, дараа нь 1990 оноос орос мэргэжилтнүүд огт өөр технологиор барьж босгосон. Германчууд хөндлөн байрлалтайгаар цөмийн тогоог байрлуулахаар төлөвлөсөн байсныг оросууд босоо байрлалын тогоогоор солин өөрчилсөн. Ийм зохион байгуулалт дэлхийн түүхэнд байгаагүй гэнэ. Үүнээс гадна тэдний ачааллын даацын стандарт өөр байгаагаас Оросын эд анги огт өөр нөхцлийн даацыг давахгүй байж магадгүй гэнэ. Станцыг 1990, 2000-аад онуудад хоёрдугаар зэрэглэлийн инженерүүд гүйцээн барьсан гэнэ. Оросын мэргэжилтнүүд 1989 оноос хойш атомын станц барих туршлагагүй болсон байжээ. Мөн энэ станц дэлхийн хамгийн сейсогийн аюултай бүсэд байдаг ба газар хөдлөлтийн эсрэг хамгаалалтаар маш муу гэнэ. Станцын ажилтнууд онцгой байдалд хэрхэн ажиллах тодорхой төлөвлөгөө, туршлага хуримтлуулаагүй гэж мэдээллийн эх сурвалж хэлсэн байна.
Бушерын АЦС энэ жилийн есдүгээр сарын 12-нд ашиглалтад оржээ. Хэдэн сарын дараа төслийн хүчин чадлаа бүрэн гүйцээн 1000 мегаватт цахилгаан үйлдвэрлэж эхлэх юм.