П.Сэрдамба ДАШТ-ий хошой медальтан боллоо

Хуучирсан мэдээ: 2011.10.10-нд нийтлэгдсэн

П.Сэрдамба ДАШТ-ий хошой медальтан боллоо

Азербайжаны нийслэл Баку хотноо боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 26-наас аравдугаар сарын 8-ны хооронд болж өндөрлөлөө. Олимпийн наадмын эрх олгосноороо онцлогтой байсан тус тэмцээнд дэлхийн 113 орны 570 тамирчин оролцсон нь өмнөх дэлхийн аваргуудын дээд амжилтыг нэг шатаар ахиулсан юм. AIBA-гийн албан ёсны 10 жингийн ангилалд зохиогдсон дэлхийн аваргад Монголын баг тамирчид хамгийн хүнд хоёр жингээс бусад найман жинд тамирчдаа сойсон бөгөөд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба хүрэл медаль хүртэж, олимпийн эрхийн болзол хангасан бол Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ ирэх жил Лондонг зорих эрхтэй болсон амжилттайгаар энэ жилийн дэлхийн аваргыг үдлээ.  
Бээжингийн олимпийн наадмын мөнгө, 2009 оны Миланы дэлхийн аварга П.Сэрдамба эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Камеруны тамирчин Томас Эссомбаг 11:6 (2:1, 5:3, 4:2) харьцаатай ялж, Колумбын боксчин Сейбер Авиллатай тоглож, 13:12 (3:3, 5:2, 5:7) харьцаатай ялалт байгуулсан бөгөөд медалийн төлөөх тоглолтод боксын эх орон гэгддэг Кубын тамирчин Йосвани Вейта Сотог эхний үе өндөрлөхөөс 16 секундын өмнө хүнд цохилтоор буулган авсан билээ. Улмаар мөнгөн медалийн төлөө дэлхийн аваргын хүрэл медальт, БНСУ-ын тамирчин Шин Жун-Хунтай нударга зөрүүлж, ялагдал хүлээсэн. Хоёр жилийн өмнөх Миланы дэлхийн аваргаар П.Сэрдамбын доор зогсч, хүрэл медаль зүүж байсан БНСУ-ын тамирчин энэ жил нутагтаа болсон Азийн аваргаар манай тамирчинг эхний тойрогт буулган авч, дөнгөсөн. Энэ удаад ч П.Сэрдамбыг 11:20 (4:4, 3:7, 4:9) харьцаатай ялсан юм. Хэдийгээр медалийн өнгөө хувиргаж чадаагүй ч П.Сэрдамба Лондонгийн олимпийн эрхээ өвөртөлж, боксын дэлхийн аваргаас хошой медаль хүртсэн Монголын анхны тамирчин болж, Монголын олимпийн боксын холбооны түүхэнд шинэ хуудсан нэмж чадсан.

Харин Миланы дэлхийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийн тухайд медалийн төлөөх тоглолтод Европын аваргын хүрэл медальт, Италийн тамирчин Винченцо Мангиакапред 11:16 (3:4, 3:2, 5:10) харьцаатай ялагдал хүлээснээр медалийн боломжоо алдсан. Дэлхийн аваргын рингэнд одтой байж, учраа болгоноо илт илүүрхэн авч байсан тэрбээр тун харамсалтай ялагдал хүлээсэн билээ. У.Мөнх-Эрдэнэ дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний тойрогт Камеруны боксчин Бабу Махаман Смайлаг 20:10 харьцаатай, дараа нь Сент-Люсия улсын тамирчин Линдель Марселлинийг 20:6 (6:2, 8:2, 6:2) харьцаатай, улмаар Ираны боксчин Мехди Толутибандпийг 24:9 (8:4, 9:2, 7:3) харьцаатай илт давуу ялснаар медалийн төлөөх тулаанд шалгарсан. Медалийн төлөөх шийдвэрлэх тулаандаа Италийн тамирчинд ялагдсан ч ирэх жил Лондонг зорих эрхээ авсан юм.

Дэлхийн аваргын рингэнд эх орноо төлөөлсөн Монголын бусад ширэн бээлийтнүүдийн тухайд 52 кг-д Гавьяат тамирчин Н.төгсцогт, 56 кг-д ОУХМ Д.Отгондалай, 60 кг-ын жинд ОУХМ Б.Жавхлан нар шөвгийн 16-гийн шатанд ялагдсанаар тэмцээнийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон. Мөн 69 кг-ын жинд ОУХМ Б.Түвшинбат, 81 кг-д ОУХМ С.Эрдэнэбаяр нар нэг ялж, нэг ялагдсанаар тэмцээнээ дуусгасан бол 75 кг-ын жинд ОУХМ Т.Чулуунтөмөр эхний тулаандаа Сербийн тамирчинтай тоглож, оноо тэнцсэн ч туслах оноогоор ялагдал хүлээсэн билээ.

AIBA буюу Олон улсын сонирхогчийн боксын холбооны олимпийн эрх олгох дүрмийн дагуу энэ жилийн ДАШТ-ээс -91 ба +91 кг-ын жингээс бусад найман жинд эхний 10 тамирчинд, харин дээрх хоёр жинд тус бүр зургаа, нийт 92 тамирчинд олимпийн эрх олгосон. Ингэхдээ 49, 52, 56, 60, 64, 69, 75 болон 81 кг гэсэн найман жинд шөвгийн наймд шалгарсан боксчдод олимпийн эрх олгосон бөгөөд финалдсан тамирчдад шөвгийн 16-гийн шатанд ялагдал хүлээсэн хоёр тамирчин мөн олимпийн эрхтэй болж байгаа юм. Харин -91 ба +91 кг-д шөвгийн дөрөв, тэгээд аваргын төлөө өрсөлдсөн боксчдод шөвгийн наймын шатанд ялагдсан хоёр тамирчны хамт нийт зургаан боксчинд олимпийн эрх олгосон. Тиймээс Монголын тамирчдаас Д.Отгондалай, Б.Жавхлан нар олимпийн эрх авах тун ойрхон байсан гэж болно. Д.Отгондалайг шөвгийн 16-д хожсон Ирландын Жон Жое Невин, Б.Жавхланг ялсан Казахстаны Гани Жайлауов нар хүрэл медалийн болзол хангасан ч дараагийн тулаандаа ялагдал хүлээсэн. Хэрэв тэд мөнгөн медалийн төлөөх тоглолтдоо ялж, финалдсан бол Д.Отгондалай, Б.Жавхлан нар ирэх жил Лондонг зорих эрхтэй болох байлаа.

Ямартай ч энэ жилийн дэлхийн аваргаас хүрэл медаль, олимпийн хоёр эрх ганзагалсан Монголын ширэн бээлийтнүүд тивийн тэмцээнээс олимпийн эрхээ авах боломжтой. 2012 он гарсаар тив тус бүрт олимпийн эрх олгох нэг л тэмцээн болох бөгөөд Ази тивд 56 эрх бий.

Бээжингээс Лондон хүртэлх олимпийн цикль хэдийнэ төгсгөл үедээ ирж, жил хүрэхгүй хугацааны дараа “Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын тэнгэр дор дэлхийн сор болсон тамирчид чуулах гэж буй тул дэлхий даяар спорт уралдаан, тэмцээн идэвхтэй өрнөж, олон улс, тив, дэлхийн тэмцээнээс олимпийн талбарт өрсөлдөх тамирчдаа сонгон шалгаруулсаар байна. Азербайжаны нийслэл хотноо өнгөрөгч өдрүүдэд болсон боксын ДАШТ-ээс хоёр эрх авснаар Монголын баг тамирчдаас спортын таван төрөлд найман тамирчин ирэх жил Лондонг зорих эрхтэй болоод байна. Монголын шилдэг хөнгөн атлетикч, ОУХМ Б.Сэр-Од Монголын баг тамирчдын салхийг хагалж, Лондонг зорих эрхээ авсан бол түүний дараа марафонч Л.Отгонбаяр, тэгээд буудлага спортын тамирчин О.Гүндэгмаа, байт сурын Ж.Гантөгс, чөлөөт бөхийн ДАШТ-ээс О.Насанбурмаа, Ж.Чулуунбат нар, улмаар өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн боксын ДАШТ-ээс П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ нар олимпийн эрхээ өвөртлөөд байна.

Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дүнг ЭНД дарж үзнэ үү.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж